Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 76 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-08-19 15:56:32

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй.


Төслийн хүрээнд 158 га газрыг нөхөн олговортойгоор чөлөөлж 12 мянган айлын орон сууцыг барихаар болсон. Газар чөлөөлөлтийн ажил өнөөдрийн байдлаар 76 хувьтай үргэлжилж байна. Нийслэлийн орон сууцны корпорацаас 12 мянган айлын орон сууцыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах бөгөөд эхний ээлжид 13 га талбайд орон сууц барих зургаан багц нээлттэй тендерийг зарлах аж. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар энэ сарын 16-нд дээрх байршилд ажиллав.  

 

Тэрбээр “Сэлбэ дэд төвийн хүрээнд орон сууц барьснаар Улаанбаатар хотын хойд бүс дэх яндангийн тоо цөөрнө. Энэ хэрээр агаар, орчны бохирдол буурах боломжтой. Бид газрын хэмжээ, объектын хэмжээнээс хамаарч дунджаар 170 саяас дээш төгрөгийг иргэдэд газрын нөхөн олговорт олгож байна. Чөлөөлсөн талбайд 5-9 давхар орон сууц барихаар төлөвлөсөн. Тэдгээр орон сууцны сантехникийг зэс хоолойгоор шийднэ. Дээвэр дээрээ нарны үүсгүүртэй, дулааны алдагдал багатай хороолол болно.


Нийт газрын 60 хувьд нь орон сууц, үлдсэн 40 хувьд нь зам талбай, ногоон байгууламж байхаар төлөвлөсөн. Ингэснээр “20 минутын хот” загварыг хадгалсан бүтээн байгуулалт болно. Тиймээс иргэд бидний ажлыг дэмжиж, газар чөлөөлөх ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.

 


相关新闻