ХОВД: Манхан сумын Зэрэг гол баг 100 жилийн ойн баяраа тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн Манхан сумын Зэрэг гол багийг үүсгэн
байгуулсны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Тус
баг нь захчин угсаатны соёл, уламжлалын төв гэдгээрээ онцлогтой.
Зэрэг
гол багийн иргэд, сумын удирдлагууд, нутгийн зөвлөл хамтран энэ
сарын 22-24-ний өдөр 100 жилийн ойд зориулсан баярын хурал, хурдан морины уралдаан,
бөхийн барилдаан, сурын харваа зэргийг зохион байгууллаа.
Ховд
аймаг нь 17 сум, 91 багтай. Энэ онд тус аймгийн таван сум 100
жилийн ойгоо тэмдэглэж байна. Харин багуудаас анх удаа Зэрэг гол баг 100 жилийн
ойн баяраа ийнхүү тэмдэглэсэн юм.
Зэрэг
гол багийнхан улс, аймаг, сум орон нутгийн салбар бүрд ажил үйлс,
хөдөлмөр зүтгэл, мэргэжлийн ур чадвараараа манлайлж байна. Энэ нутгаас тодорсон
алдартан, гавьяат цолтон олон бий.
Дэлхийн
II дайны үед Монголчууд Зөвлөлтийн ард түмэн, улаан армид нэлээд тусламж
үзүүлсэн түүхтэй. Үүний
нэг бол тэртээ 1943 онд Ховд аймгаас цугласан 240 тонн бэлгийг хойд хөрш
Зөвлөлтийн улаан армид хүргэхээр 1200 тэмээнд ачиж, 108 жинчин хөдөлжээ. Тэд
сүрлэг өндөр даваа, ус мөрнийг гатлан ирэх, очих 2700 гаруй км замыг 230
хоногийн турш туулж Бийск хотод хүрсэн түүхтэй. Энэ тусламжийн цувааг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, хувьсгалт тэмцлийн ахмад
зүтгэлтэн Борондонгийн Лувсан 18 настайдаа ахалж явжээ.
Тэр Ховд
аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн нутаг, Авхай гэх газар төрсөн байна.