Оманы Султант Улстай дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийг байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр Бин Хамад Бин Хамуд Албусайди манай улсад сарын 25-26-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хоёр орны Гадаад харилцааны сайд нар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллийн эхэнд хэлэхдээ "Талууд албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Оманы хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, улмаар хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилт, арга зам, хэтийн төлвийг тодорхойллоо" хэмээв. Түүнчлэн тэрбээр "Манай хоёр орны харилцаа дипломат харилцаа тогтоосон 30 гаруй жилийн хугацаанд улс төрийн найрсаг харилцааны хүрээнд явж ирсэн бөгөөд хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх шаардлага байгаа дээр талууд санал нэгдлээ. Хэлэлцээний үеэр манай улс Оман Улстай хамтын ажиллагаагаа тодорхой чиглэлүүдийг түлхүү хөгжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Тухайлбал, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа уул уурхай, эрчим хүч, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахын зэрэгцээ цаашид дээрх салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхээр тохиролцлоо. Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оны Монголд зочлох жилийн хүрээнд тус улстай эхний ээлжинд дипломат, албан/тусгай, үйлчилгээний паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар харилцан тохиролцсон" гэв.
Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр Бин Хамад Бин Хамуд Албусайди "Уулзалтын үеэр бид Гадаад харилцааны яамд хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь бидний яриа хэлэлцээ тогтмол, үр дүнтэй үргэлжлэхийг баталгаажуулж байгаагаараа, мөн дипломат харилцааг бэхжүүлэх чухал алхам болж байгааг цохон тэмдэглэж байна. Мөн манай хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, уул уурхай, соёл, технологи зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, өргөжүүлэн хөгжүүлэх нийтлэг хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэнд таатай байна. Эдгээр салбарт хамтрах асар их боломжтойн дээр хоёр улс харилцан ашигтай, бодит үр дүнд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна. Бид бүс нутагтаа төдийгүй дэлхийн хэмжээнд энх тайван, тогтвортой байдал, тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллахаа дахин нотоллоо. Эдгээр үнэт зүйлсийг сурталчлах, хүн бүр хүчин чармайлт гаргахын чухлыг онцолж, олон талт хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо" гэлээ.
Энэхүү айлчлал нь хоёр орны хооронд 1992 онд
дипломат харилцаа тогтоосноос хойш Оманы Гадаад хэргийн сайдын түвшинд Монгол
Улсад хийж буй анхны албан ёсны айлчлал болж байгаараа чухал ач холбогдолтой юм.