“Монголын дүрслэх урлагт зориулсан 100 жил” тусгай үзэсгэлэнг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-08-26 14:54:36

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ням-Осорын Цүлтэмийн “Монголын дүрслэх урлагт зориулсан 100 жил” тусгай үзэсгэлэнг уран зургийн галерейд нээлээ.


“Урлагийн бүтээл үрчлүүлэх” хөтөлбөрийн хүрээнд Монголын XX зууны дүрслэх урлагийн сор бүтээл, Н.Цүлтэмийн “Хурмастын чуулга” уран зургийг Соёлын Өвийн үндэсний төв, Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөл хамтран сэргээн засварлаж 15 жилийн дараа үзэгчдэд толилуулж байгаа нь энэ юм. Үзэсгэлэнд уран бүтээлчийн 30 гаруй бүтээлийг дээжлэн бүрэн хэмжээний баримтат киноны хамт үзэгчдийн хүртээл болгож байна. 



Нээлтийн үеэр Монголын уран зургийн галерейн мэдээллийн санч Б.Чимидхорлоо хэлэхдээ, “Манай галерей жил бүр ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчдийн төлөөллүүдээсээ сонгон авч тусгай үзэсгэлэн зохион байгуулдаг. Энэ оны хувьд амьдралынхаа 60 гаруй жилийг дүрслэх урлагийн салбарын хөгжилд зориулж, үнэтэй хувь нэмэр оруулсан Ардын зураач Н.Цүлтэмийн Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй бүтээлүүдээс дээжлэн үзэсгэлэн гаргалаа. Н.Цүлтэм зураач нь Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг байгуулалцахын зэрэгцээ Дүрслэх урлагийн сургуулийг бие даасан сургууль болгосон төдийгүй Монголын Урчуудын Эвлэлийг 30 гаруй жил удирдаж дүрслэх урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм.

Нэрт зураачийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан тусгай үзэсгэлэн гаргахаас гадна, олон улсын эрдэм шинжилгээний хурал, баримтат кино, шинэ ном гаргах зэргээр тэмдэглэнэ" хэмээлээ. 



“Урлагийн бүтээл үрчлүүлэх” олон улсын хөтөлбөр нь галд өртсөн бүтээлүүдийг сэргээн засварлах, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах,  соёлын өвийг хадгалах, хамгаалах үйлсэд байгууллага, хамт олон, сайн дурын бүлгийг татан оролцуулах зорилготой бөгөөд Монголын уран зургийн галерейд 6 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа аж.

Тус үзэсгэлэнг есдүгээр сарын наймны өдрийг хүртэл дэлгэнэ.

                                                                                                                                                                                        Д.Халиунаа

相关新闻