Гадаад зах зээлээс хөрөнгө босгож, гэр хорооллыг орон сууцжуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Нийслэл гадаад зах зээлээс хөрөнгө босгох эрх зүйн орчин бүрдсэнээр дэд төвийн хүрээнд хийх бүтээн байгуулалтыг гадаадын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх боломж бий болж байна.
Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулж, 12
мянган айлын орон сууц, нийгмийн барилга байгууламж, явган зам, дугуйн зам,
ногоон байгууламж бүхий цогцолбор хорооллыг байгуулах юм. Гадаад зах зээлээс хөрөнгө босгож,
бүтээн байгуулалт хийх нь хямд
өртөгтэй, урт хугацаатай байх боломжтой. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн
Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр
орлогч Н.Мандуул гадаадын банк, санхүү, хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөлтэй
уулзаж, Сэлбэ дэд төвд хийх
бүтээн байгуулалтын ажлыг танилцуулж, санал солилцлоо.
Н.Мандуул “Өнгөрсөн
хавраас гадаадын хөрөнгө оруулагчидтай шат дараатай уулзалт зохион байгуулж
байна. Гадаадын хөрөнгө оруулагчид аливаа төслийн байгаль, нийгэмд үзүүлэх ач
холбогдолд анхаардаг. Зөвхөн
төсөл хэрэгжих газарт байгаа айл өрхүүд бус төсөл хэрэгжих талбайн ойр орчмын
суурьшлын бүсэд амьдарч буй айл өрхүүд ч төсөлд хамрагдах боломжтой. Сэлбэ дэд
төв төслийн хүрээнд хийх ажлууд нь нийгэмд үзүүлэх ач холбогдол өндөр учир хөрөнгө оруулагчид сонирхон, дэмжиж байна” гэв.
БНХАУ-ын “Инвестмент Банкны захирал Бэн Ван “Сэлбэ дэд төвийн төсөлтэй танилцлаа. Улаанбаатарт дэд төвүүдийг барьж байгуулснаар авто замын түгжрэл, агаар орчны бохирдлыг багасгах боломжтой учир бид үүнийг ногоон төсөл гэж ойлгож байна. Тиймээс ногоон төсөлд хөрөнгө оруулахдаа таатай байх болно” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.