Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлав.
Мөн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдах Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийг эцэслэн батлах санал хураалтыг тус бүрд нь явуулж шийдвэрлэв. Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр "Боловсролын сангийн зээлийн эргэн төлөлтийг хангах талаар нарийвчлан заагаагүй учраас төлүүлэх арга хэмжээ авч чадахгүй өдий хүрсэн. Тиймээс ажлын хэсэг гарч ажиллаж, зээлийг эргэн төлүүлэхээр ажиллана. Өнөөдрийн байдлаар 10-аас дээш жил төлөөгүй 502 зээлдэгчийн 48 тэрбум төгрөгийн авлага байна. Цаашид Боловсролын сангийн үйл ажиллагаа ил тод нээлттэй, шударга байхад чиглэсэн реформын шинжтэй шинэчлэл хийнэ. Нэн тэргүүнд зээлийн төлүүлэх арга хэмжээг авна" гэв.
Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн
гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.