“Eurovision-2025” Базель хотод болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ЖЕНЕВ, 2024 оны наймдугаар сарын 30 /Euronews/. “Eurovision” дууны тэмцээнийг Швейцарын гурав дахь том хот болох Базельд зохион байгуулахаар болсныг тэмцээнийг зохион байгуулагчид өнөөдөр мэдэгдлээ.
Энэ жил Шведийн Мальмо хотод болсон тэмцээнд Швейцарын дуучин Немо “The Code” дуугаараа тэргүүн байр
эзэлснээр тус уулархаг улс 2025 оны
тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан юм. Швейцарын оролцогч тус тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлсэн нь энэ бөгөөд өмнө нь 1956 онд Лис Ассиа, 1988 онд Селин Дион нар тэргүүн байр эзэлж байв.
Швейцарын өргөн
нэвтрүүлгийн корпорац болон Европын өргөн нэвтрүүлгийн холбоо 69 дэх удаагийн “Eurovision” тэмцээнийг 2025
оны тавдугаар сард зохион байгуулах
ажээ. Тэмцээн Базель хотоос холгүй орших “St. Jacobshalle” цэнгэлдэх хүрээлэнд
болно. Энэхүү цэнгэлдэхийг спортын тэмцээн, урлагийн тоглолтод ихэвчлэн ашигладаг бөгөөд
2018 онд засвар хийсний дараа 12 400
хүний багтаамжтай болжээ.
“Eurovision-2025” тэмцээний хагас шигшээ шатны шалгаруулалт тавдугаар сарын 13-ны мягмар гараг, 15-ны пүрэв гарагт болох бол эцсийн шатны шалгаруулалт тавдугаар сарын 17-ны бямба
гарагт болно.