“Еcomobility” аяныг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-03 13:29:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор “Еcomobility” аянг эхлүүллээ.


Улаанбаатар хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс өдөрт дунджаар 600 мянга орчим нь замын хөдөлгөөнд оролцдог. Бүртгэлтэй авто машиныг чөлөөтэй зорчуулахын тулд одоо байгаа авто замаа гурав дахин нэмэх шаардлагатай. Иймд авто машинаа дундаа ашиглах, алхах, унадаг дугуй, нийтийн тээвэр хэрэглэхийг уриалж буй зэрэг нь сүүлийн үед түгжрэл ихтэй томоохон хотуудад трэнд болж буй “Эко мобилити” гэх үзэл санаа юм. Иргэнд ээлтэй, “Экомобилити”-д нэгдэх таатай орчин бүрдүүлэх чиглэлээр олон ажил эхлүүлээд байна.


Тодруулбал, энэ онд 27800 ам метр явган зам тохижуулахаар төлөвлөсөн нь одоогоор 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Хотын захуудад авто зогсоол олон байгуулж, менежмент хийхээс гадна нийтийн тээврийн автобусны тоог өнөөдрөөс 109-өөр нэмж, өдөрт 1187 автобусыг үйлчилгээнд гаргаж байна. Ирэх сард их багтаамжийн 31 автобус шинээр авчирч, зах, худалдааны төв рүү чиглэсэн нийтийн тээврийн тоог нэмжээ. Нийт авто замын 80 хувийг засаж, шинэчилж, зарим байршилд эргэлт гарц шинээр хийж, туслах замуудын тоог олшруулж байгаа.


Дэд бүтцийн хүртээмжийг нэмж, орчин нөхцөлийг сайжруулахын хажуугаар захиргааны зарим арга хэмжээг зайлшгүй авахыг Хотын дарга онцлоод, “Тухайлбал, орон нутгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатарт 48 цагаас дээш хугацаагаар зорчвол хоног тутам 5000 төгрөгийн хураамж авна. Товчоодод хяналтын системийг бүрэн нэвтрүүлсэн. Нийслэлийн төр, захиргааны байгууллагын цэнхэр дугаартай автомашины 50 хувийг хөдөлгөөнд оролцуулахгүй, төрийн албан хаагчдыг ажилчдын автобусаар авна. Мөн төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна” гэдгийг тэмдэглэлээ.


Мөн, татвар, торгуулиа төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүйгээс гадна автобусны зогсоол дээр зогссон жолоочийг хяналтын камераар торгох юм. Үүний дээр төр, хувийн аж ахуйн нэгжүүд түгжрэлийг бууруулах аянд нэгдэж, өмнө хэрэглэж байсан шинэвтэр автобусуудыг ажилчдын автобус хэлбэрээр явуулж замын хөдөлгөөнд нэгэн зэрэг олон машин оролцохоос сэргийлэх боломжтой. Эдгээр нь түр зуурын арга хэмжээ мэт ч цаашид хэрэгжүүлж хэвшвэл хотын соёл. Метроны төслийн зөвлөх компаниа сонгон шалгаруулсан. Тойрог хурдны замын болон Cable car буюу дүүжин тээврийг Францын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлээд байна. Төмөр замын огтлолцлын нүхэн гарцуудыг орчин үеийн жишигт нийцүүлэн шинээр байгуулж, ашиглалтад оруулж байна. Хүн нэг бүр ухамсарлавал хүнд бэрхшээлтэй цаг үеийг туулахад амар болох билээ” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.

相关新闻