Дэлхийн ур чадварын уралдаанд Монголын баг долоон мэргэжлээр оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Франц Улсын Лион хотноо энэ сарын 10-15-нд болох Дэлхийн ур чадварын уралдаанд Монгол Улсын баг долоон мэргэжлээр оролцоно.
Мэргэжлийн боловсролын салбарын Олимп хэмээгддэг тус
уралдаан хоёр жил тутамд зохион байгуулагддаг. Энэ удаагийн уралдаанд 70 орчим
улсын 1500 гаруй оролцогч 59 мэргэжлийн ур чадвараар өрсөлдөнө. Харин Монгол
Улсаас долоон тамирчин экспертүүдийн хамт оролцож, ур чадвараа сорих юм.
Монгол Улс Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад 2014
онд гишүүнээр элссэнээс хойш тус уралдаанд манай улсын баг тасралтгүй оролцож,
гагнуураар хоёр, барилгын өрөг угсралтаар нэг удаа тусгай байр эзэлсэн амжилт
үзүүлж байжээ.
Дэлхийн ур чадварын 47 дахь уралдаанд Монгол Улсаа төлөөлөн
оролцох багийн хамт олонд Боловсролын
сайд П.Наранбаяр амжилт хүсэж, төрийн далбааг гардуулсныг Боловсролын яам мэдээллээ.