Өнөө шөнө нутгийн зүүн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Өнөө шөнө нутгийн зүүн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүсэн, говь тал хээрийн нутгаар салхилна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Энэ сарын 3-4-ний өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Өдөртөө нийт нутгаар бороо орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойшоо эргэж, секундэд 6-11 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температурын хувьд шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн
уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3+2 градус,
Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж голын
хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар 3-8 градус, Алтайн өвөр говь болон
говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 7-12
градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын
хөндий, Дорнодын тал нутгаар 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс
нутгийн баруун өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус
дулаан байх нь.
Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй.
Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 15-17 градус дулаан байх аж.
7-нд Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-нд Хангай, Хөвсгөл, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 5-наас ихэнх нутгаар дулаарч, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байх төлөв гарчээ.