УИХ-ын шийдвэрийг Үндсэн хуулийн цэц их суудлаараа хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-08 14:03:43

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн энэ оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд, “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй” хэмээн үзлээ.

Өөрөөр хэлбэл, “УИХ-ын нэг гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хөндөх  нь  Үндсэн хууль зөрчиж байна” хэмээн цэц дүгнэсэн юм.  Эл асуудлыг өмнө нь Хууль зүйн байнгын хороо авч хэлэлцээд уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн бол Төрийн байгуулалтын байнгын хороо хүлээн зөвшөөрсөн байдаг. Түүнчлэн УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэлцэж байгаа асуудлыг илүү нягтлах шаардлагатай гэсэн горимын санал гаргасан тул ажлын хэсэг байгуулахаар болсон. Ажлын хэсгийг Ц.Нямдорж гишүүнээр ахлуулан байгуулсан ба тэрбээр чуулганы өнөөдрийн хуралдаанд ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.

Тэрбээр Засгийн газар Үндсэн хуулийн цэцэд “Leхus-570” машин авч өгөхөөр шийдвэрлэсэн.  Мөн 331 сая төгрөгийг улсын нөөцийн сангаас гаргахаар Засгийн газар тогтоол гаргасан. Энэ мөнгийг шилжүүлээгүй байгаа ч хуулиараа бол ой тэмдэглэх хүрээнд Засгийн газрын нөөц хөрөнгөөс хөрөнгө гаргах ёсгүй гэдгийг энэ үеэр дурдав. Түүнчлэн эдгээр шийдвэр нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гаргах ажиллагаанд нөлөөлөх зорилготой байсан. Цэц ч үүнд нь автсан. Бусармаг үйл ажиллагаа явуулахад оролцсон хүмүүст хариуцлага тооцох нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа Ц.Нямдорж гишүүн хэллээ.

Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулж гишүүд үгээ хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийнх нь ахалдаг Өргөдлийн байнгын хороонд иргэд “Цэц ашиг сонирхлын зөрчилтэй дүгнэлт гаргаж байна” гэсэн өргөдөл ирүүлэх болсон гэсэн бол бусад гишүүд сүүлийн үед цэц Үндсэн хууль манах ажлаа хангалтгүй хийж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байсан юм. Гишүүдийг үгээ хэлж дууссаны дараагаар хуралдааныг даргалагч санал хураалт явуулахад цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэдэг дээр санал хураалтын дүн гарав.

УИХ энэхүү дүгнэлтийг хүлээн авах боломжгүй үзсэн тул Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа уг шийдвэрийг хэлэлцэхээр болж байна.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻