Хил орчмын аялал жуулчлалын салбарт БНХАУ-ын ШУӨЗО-ы талтай идэвхтэй хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-29 09:01:28

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн III хуралдаан энэ сарын 28-нд Улаанбаатар хотноо боллоо. 


Хуралдаанаар талууд Монгол, Хятадын баруун бүсийн хөгжил, хилийн боомт, зам тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүч, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Талууд цаашид хоёр талын хөгжлийн төлөвлөгөөг харилцан уялдуулж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах чиглэлд бодитой хамтын ажиллагааг өрнүүлэх, энэ хүрээнд Монгол Улсын баруун бүс болон ШУӨЗО-ы хооронд шууд харилцах механизмыг бий болгох замаар идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв. 

 

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгасны дагуу баруун бүсийг "Эрчим хүчний төрөлжсөн бүс бөгөөд байгалийн аялал жуулчлалын дэд бүс" болгон хөгжүүлэх зорилтыг биелүүлэх хүрээнд сэргээгдэх эрчим хүч, хил орчмын аялал жуулчлалын салбарт ШУӨЗО-ы талтай идэвхтэй хамтран ажиллахаар болов. Талууд хуралдаанаар хэлэлцэн тохиролцсон асуудлаар протокол байгуулав.


Ээлжит хуралдааныг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, хятадын талаас ШУӨЗО-ы Ардын засгийн газрын дэд тэргүүлэгч Жу Лифань нар даргалж, Монгол Улсын баруун таван аймгийн удирдлагууд, зам тээвэр, хилийн боомт, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол зэрэг холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцов гэж ГХЯ-наас мэдээллээ. 

 

 

相关新闻