Савласан бүтээгдэхүүний тоо, жинг хэрэглэгч өөрөө хянах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЗасгийн газрын 100 хоногийн арга хэмжээний хүрээнд МХЕГ-аас “Хэрэглэгчийн хяналтын хуудас” сурталчлах үзүүлэх сургалтыг “Амгалан” худалдааны төвд өнөөдөр зохион байгууллаа.
Энэ үеэр савласан бүтээгдэхүүний тоо, жин заасан хэмжээндээ байгаа эсэхийг хэрэглэгч өөрөө хэрхэн талаар худалдан авагчдад зөвлөгөө мэдээлэл өгч, МХЕГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтын дүнг танилцуулав. Тодруулбал, “Нарантуул”, “Барс”, “Хархорин”, “Амгалан” худалдааны төв, “Номин”, “Оргил” сүлжээ дэлгүүрт худалдаалж буй савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналтыг 2016 оны гуравдугаар улиралд хийсэн юм.
Жижиглэнгээр худалдаалж байгаа бялуу, бялууны төрлийн бүтээгдэхүүний хаяг шошго дээр цэвэр тоо хэмжээг бичээгүй, гурилан бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, найрлага, үйлдвэрлэсэн огноог тэмдэглэдэггүй зөрчил нийтлэг илэрсэн байна. Мөн “Анилмүүн” компанийн үйлдвэрлэсэн 500 грамм савлагаатай “Сонгинотой боорцог” 46-52 граммаар дутуу, БНХАУ-аас импортолсон 25 кг-ын “Сүмтэй цагаан будаа” 2.22 кг-аар дутуу гэх мэт зөрчил илэрлээ. Худалдааны төвийн лангуу түрээслэгчид бүтээгдэхүүнийг дутуу савладаг зөрчил ч түгээмэл байна. Тухайлбал, “Оргил”, “Нарантуул” худалдааны төвд лангуу түрээслэдэг зарим иргэд жимс, ногоог 20-50, үзэм, цагаан самрыг 25-65 граммаар дутуу савлан худалдаж байжээ. Хэмжих хэрэгслийг улсын баталгаажуулалтад бүрэн хамруулаагүй, баталгааны хугацаа дууссан, худалдааны төвүүд хяналтын жингүй, байгаа ч тогтмол ажиллуулдаггүй, хэрэглэгч худалдан авсан бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг хянах боломж бүрдээгүй байна.
Хяналтын үеэр дутуу савласан бүтээгдэхүүнийг дахин савлуулж, “Анилмүүн” компанийн 86 ширхэг бүтээгдэхүүнийг үйлдвэрт нь буцаалт хийлгэж, баталгааны хугацаа дууссан 45 хэмжих хэрэгслийг улсын баталгаажуулалтад хамрууллаа.
Н.Туяа