Түргэн тусламжийн автомашинаар хангах боломжтой гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-14 11:49:33

Дундговь аймгийн хөдөөгийн 7 сум төдийгүй аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин дутагдалтай. Яаралттай дуудлагад Засаг даргын машинаар явдаг тохиолдол ч зарим суманд гардаг. Тиймээс  тус аймагт түргэн тусламжийн автомашин нэн шаардагдаж байгааг  Шадар сайдтай хамт Дундговь аймагт ажилласан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д. Очирбатад Эрүүл мэндийн салбарынхан дуулгасан юм.

Тэрээр аймгийн Нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцах үеэр тус эмнэлэг оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангагдаагүй, рентген, ЭХО оношлогоо хийх тоног төхөөрөмж хэт хуучирч, орчин үеийн оношлогооноос хоцрогдмол байгааг анхааралдаа авсан байна. Мөн тус аймагт сүүлийн 4 жилд зам тээврийн осол нэмэгдэж, үүнээс  улбаалан нуруу нугас, тархины хүнд гэмтэл авах тохиолдол өссөн тул ийм өвчтнийг гурав дахь шатлалын эмнэлэгт зөөвөрлөн хүргэх зориулалтын тусгай тоноглолтой эмнэлэгийн автомашин шаардагдаж байгааг Төрийн нарийн бичгийн даргад дуулгасан юм.

Тэрээр Нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцсаны дараа Шадар сайдын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Дундговь аймагт эмнэлэгийн тусламж үйлчилгээг сайжруулахад чиглэсэн ямар хөрөнгө оруулалтыг хийх боломжтой талаархи мэдээллийг иргэдэд өгсөн.

Тодруулбал, ЭХО оношлогооны аппарат хоцрогдсон түвшинд байгаа нь хэт хариуцлагагүй явдал гэж үзэж байна. Тиймээс орчин үеийн 3D, 4D аппаратаар  нэн түрүүнд хангах талаас анхаарна. Эхний удаад түргэн тусламжийн зориулалтаар 4- 5 автомашиныг Дундговь аймагт хуваарилах боломж бий гэдгийг хэллээ.

Т. Отгонтуяа

相关新闻