Эх бичгийн цогц судалгааны төсөл хэрэгжиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-10-14 17:49:59

МУИС-д “Монголын эртний улсуудын түүх 5 боть”, “Монголын нууц товчоо”-дэлхийн ном”, “Нийтээр эзэмших монгол хэл” зэрэг монголын түүх, хэл, соёлын чиглэлээр томоохон төслийг БСШУСЯ, Монгол судлалыг дэмжих сан, Ерөнхийлөгчийн тамгын газар, Шинжлэх ухаан-технологийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна.

Энэ удаа тус сургууль өөрийн дотоод эх үүсвэрээр “Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн дансны эх бичгийн цогц судалгаа” сэдэвт төслийг санхүүжүүлэхээр нээлтээ хийлээ. Уг төслийг тус сургуулийн Монгол судлалын хүрээлэнд төвлөрүүлэн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Түүхийн тэнхимийн эрдэмтэн судлаачид голлон гүйцэтгэх юм.

Тус сурвалж нь Энх-Амгалангийн 10 дугаар он /1671/-оос Тэнгэрийн тэтгэсний 8 дугаар он /1743/-ы хооронд хамаарах албан баримт бичгийг эмхлэн дансалж, дэвтэрлэсэн, эдүгээ Бээжин дэх БНХАУ-ын Түүхийн нэгдүгээр архивын хадгаламжид буй дурсгал юм. Нийт 113 дэвтэр, үүнд манжаар 1742, монгол бичгээр 1512, төвдийн шар үсгээр 9, тод үсгээр 41, хятадаар 3, нийт 3332 баримтыг багтаажээ. Уг дурсгал дахь баримтууд нь Ар Монгол Чингийн эрхшээлд автахаас өмнөх ба дараах үеийн Монгол, Манж, Төвдийн харилцаа, түүхэн нөхцөл байдал, тус тусын баримталсан бодлого, хэрэгжүүлсэн үйл ажиллагааг нарийвчлан судлах түүхийн чухаг баримт болохоор үл барам XVII зууны үеийн монгол хэлний онцлог хийгээд Чингээс өмнө ба дараах үеийн монгол албан бичгийн уламжлалыг судлах онцгой хэрэглэгдэхүүн  юм.

Төрөөс монгол судлалыг дэмжин хөгжүүлэх шат дараалсан шийдвэр гаргаж, үйл ажиллагааг эрчимжүүлж буй өнөө үед Монгол Улсын сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх төв МУИС ч энэ бодлогыг бүтээлчээр хэрэгжүүлж, эрдэмтэн багш нарынхаа оюуны нөөцөд түшиглэсэн томоохон судалгааг дэмжин санхүүжүүлж байна. 

Тус төслийн үр дүнд эх бичгийн цогц судалгааны 12 боть бүтээл гарах аж.

Ж.Болор

 

相关新闻