Тэтгэлгээр сурах оюутны тоог нэмэх боломжтойг Туркийн тал онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-10-14 18:14:32

БСШУС-ын сайд Ж.Батсуурь Монгол Улсад айлчилж буй БНТУ-ын Үндэсний Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Юсуф Тэкин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр энэ онд Туркийн Засгийн газрын тэтгэлгээр Монгол Улсаас 75 хүн тус улсад суралцах болсонд баяртай буйгаа илэрхийлээд, хоёр улсад 2004 оноос хойш их, дээд сургуулийн диплом харилцан хүчин төгөлдөр үйлчлэх систем хэрэгжиж байгааг тодотголоо.

Мөн “2013-2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах протокол”-ыг шинэчлэн батлахыг Туркийн талд санал болгоод Мустафа Кемал Ататуркийн нэрэмжит Нийслэлийн 5-р дунд сургуульд хэрэгцээтэй байгаа зүйлсийн талаар мэдээлэл өгөв. Түүнчлэн Монгол Улсын боловсролын салбарт оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Туркийн Засгийн газарт талархлаа илэрхийллээ.

Төрийн нарийн бичгийн дарга Ю.Текин 1992 онд гарын үсэг зурсан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хамтын ажиллагааны протокол болон 2013-2016 онд хамтран ажиллах протоколыг тус тус дахин авч хэлэлцэж, хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, Монгол Улсад олгож буй Туркийн Засгийн газрын тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх боломжтойг цохон тэмдэглэлээ. Тэрээр Турк Улсын боловсролын салбарыг дэмжих зорилгоор 10 сая гаруй таблет компьютерийг оюутан залууст тараасныг дурдаад энэ хүрээнд хэрэгжүүлсэн “Фатих”-ийн төслийн талаар ярьлаа. Мөн Турк Улс Монгол Улстай боловсролын салбарт бүхий л чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгааг мэдэгдэв.

Мөн өнгөрөгч 7 дугаар сарын 15-нд тус улсын төрийн эрхийг цэргийн хүчээр гартаа оруулахыг завдсан үйл явдлын талаар мэдээлэл өгч, сайд Ж.Батсуурь болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг Турк Улсад урилаа.

Ж.Болор

 

相关新闻