Зорчигч цахим гарцаар нэвтрэхэд 15 секунд шаардлагатай
МОНГОЛЫН МЭДЭЭБНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-аас Монгол Улсад хэрэгжүүлсэн “Э-Иммигрэйшн” төслийг Монгол Улсад албан ёсоор хүлээлгэн өгөх, хилийн хяналт, шалгалт, гадаадын иргэдийн бүртгэлийн “ISM” системийг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дахь Буянт-Ухаа боомтоор зорчигчдыг цахим гарцаар хил нэвтрүүлэх, хил нэвтрэх үйл ажиллагааг илүү нарийвчилсан, хялбар болгох үндсэн зорилготой “Э-Иммигрэйшн” төсөл нь 1999 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан “Техникийн хамтын ажиллагааны талаарх Монгол Улс, БНСУ-ы Засгийн газар хоорондын гэрээ”-нд үндэслэн хийгдсэн юм.
Гурван жилийн хугацаанд хэрэгжсэн уг төслийг Монголд нутагшуулахаар албан ёсоор хүлээн авах ёслолын ажиллагаанд ХЗДХ-ийн дэд сайд Ж.Энхбаяр, ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, КОЙКА байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Пак Су Ёон, төслийн гүйцэтгэгч БНСУ-ын SysOne компанийн Ерөнхий захирал И Сан Хүн нар оролцож, нээлтийн тууз хайчилсан юм.
Уг төслийн хүрээнд мэдээлэл солилцооны өндөр нууцлалтай 3 шатлалт технологи, сүлжээний ачааллыг тэнцвэржүүлэх “Т-МАХ” технологи, хилийн шалган нэвтрэлт, гадаадын иргэдийн бүртгэлийн мэдээллийн нэгдсэн систем болох “ISM” систем, мөн Хилийн шалган нэвтрүүлэхийн автомат хаалга зэрэг шинэ технологийг өнөөдрөөс ашиглах боломжтой болж байна. Ингэснээр цаг хугацаа хэмнэх, зорчигчийг таних чадавх нэмэгдэж, шалгагч, байцаагчдын хяналт шалгалт хийх нөхцлийг хөнгөвчилж, мэдээлэл хоцрогдолгүйгээр төв серверт төвлөрөх, үл давхцах нөхцөл бүрдлээ.
Таван сая ам.долларын өртөг бүхий буцалтгүй тусламжаар хийгдсэн “Э-иммигрэйшн” төсөл хэрэгжсэнээр:
-Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэд болон хилээр нэвтэрсэн иргэдийн тоо, бүтцийг үнэн зөв тогтоох, гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, хянах асуудлыг Монгол улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, үнэн зөв мэдээллээр хангах боломж бүрдэх
-Иргэд хилээр нэвтрэх шалгагчгүй шалган нэвтрүүлэх цахим системийг бий болгох
-Гадаадын иргэдийн бүртгэл, хяналтын тогтолцоо, бүтэц зохион байгуулалтыг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэх, байгууллагын үйл ажиллагааг нээлттэй, ил тод, шуурхай болгох зэрэг олон зорилтыг шийдвэрлэх бүртгэл, хяналтын цогц систем Монгол улсын хэмжээнд бий болж дээрх зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх ач холбогдолтой юм.
Гадаад иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн “Зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын чиглэлээр өмнө нь 2006-2007 оны үед манай улс нэгдсэн системтэй болж, одоо үргэлжлүүлэн ашиглаж байгаа. Харин Койка-гийн 5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй энэ төслийн дүнд мэдээллийн бааз, нууцлалыг сайжруулах, зорчигч, тээврийн хэрэгслийг цаг алдалгүй түргэн шуурхай хугацаанд нэвтрүүлэх, хяналтын системийг сайжруулахад ач холбогдолтой. Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 48 хилийн боомт бий. Үүний 27 нь байнгын ажиллагаатай. Эдгээр боомтод дээрх систем бүрэн нэвтэрнэ. Системийг хийсэн Инчион болон бусад олон улс орнуудын нисэх буудлын системийг хийсэн SysOne нь БНСУ-ын тэргүүлэгч компани учир нууцлалын асуудал найдвартай” гэв.
Хилээр зорчигчдыг шалган нэвтрүүлэх цахим гарц, “ISM” системийн талаар төсөл хэрэгжүүлэгч БНСУ-ын SysOne компанийн Ерөнхий захирал И Сан Хүн танилцуулсан юм. Тус цахим гарцын онцлог нь хүний оролцоогүй бөгөөд зорчигчийн зургийг нүүрэн хэсгээс нь авдаг, хурууны хээ танигчтай, пасспортын мэдээллийг автоматаар шалгаж, таних үйлдэлтэй юм байна. Гурван давхар дамжлагатай бөгөөд нэг зорчигч нэвтрэхэд 15 орчим секунд зарцуулах аж. Эхний дамжлагад иргэний гадаад пасспорт танигч байх бөгөөд пасспортын зөрчил, хуурмаглал байгаа эсэхийг шалгаж, зөрчилгүй бол хаалга нээгдэнэ. Дараагийн дамжлагад тухайн паспорт эзэмшигчийн хурууны хээг таниулж, мэдээлэл шалгадаг юм байна. Ингэснээр иргэн хуурамч пасспорт ашиглан хил нэвтрэх зөрчлөөс бүрэн сэргийлэх аж. БНСУ уг цахим гарцыг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч буй бөгөөд 10 гаруй сая иргэн нэвтэрдэг гэсэн тооцоо гарчээ. Харин системийг нэвтрүүлснээс хойш хуурамч бичиг баримтын 20 мянга гаруй зөрчлийг илрүүлсэн аж.
Системийн аюулгүй байдлын хувьд хэд хэдэн модулд суурилсан учир нэг нь доголдсон ч нөгөө нь ажиллах бөгөөд төсөл эхэлснээс хойш монгол инженер, техникийн ажилчдыг дагалдуулан сургасан учир эвдэрсэн ч өөрсдөө засах бүрэн боломжтой гэж үзэж байгаа аж.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал