ХОВД: Төрийн байгууллагууд "Хүмүүн бичиг" сониныг захиалж, үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-09-23 09:53:08

Жаргалант, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Хүмүүн бичиг сонины ахлах редактор, судлаач багш, сэтгүүлч, МУСГЗ Б.Элбэгзаяа Ховд аймгийн Мөст суманд ажиллалаа. 


Тэрбээр энэ сарын 22-нд Ховд аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Батболдтой уулзаж, үндэсний бичиг соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх талаар ярилцжээ.   


Төрийн байгууллага 2025 оноос эхлэн албан хэргийг кирилл, монгол бичгээр хослуулан хөтлөхөөр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Ховд аймаг хос бичигтэн болох бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа тухай, мөн төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгааны үр дүн, Хүмүүн бичиг сониныг идэвхтэй захиалж монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх боломжуудын талаар багш, сэтгүүлч Б.Элбэгзаяа танилцуулж, энэ чиглэлд анхаарч ажиллахыг хүслээ. 


Судалгаагаар төрийн байгууллагын албан хэргийг кирилл, монгол бичгээр хослуулан хөтлөх, үндэсний бичгээ хэрэглэхэд бэлэн биш гэсэн дүнтэй 15 аймгийн нэг бол Ховд аймаг.

Мөн үндэсний бичгийн сургалт хамгийн их шаардлагатай байна гэж санал өгсөн таван аймгийн нэг бол Ховд аймаг юм.


Ховд аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Батболд хэлэхдээ, "Хүмүүн бичиг сониноо иргэд, ялангуяа төрийн байгууллагын албан хаагчид жигд, тогтмол захиалдаг болоход анхаарч, соёл урлаг, боловсролын салбар байгууллагын удирдлагуудад үүрэг өгч, дэмжиж ажиллана" гэв.  


相关新闻