Шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан таван хүнийг “Хубилай хаан” медалиар шагналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-24 15:03:44

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дээд шагнал “Хубилай хаан” медаль гардуулах ёслол өнөөдөр боллоо.


Энэ удаа уг шагналыг УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэлд төр засгийн зүгээс үндэсний шинжлэх ухааны салбарын хөгжилд анхаарах чиг хандлагыг сайжруулахад оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн, УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд дэлхийн жишиг, дотоодын онцлогт нийцүүлэн Монголын шинжлэх ухаан, технологийн салбарын эрхзүйн орчныг сайжруулахад оруулсан” үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Б.Батцэцэгт эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үнэлэн олгосон юм. 


Түүнчлэн хоёр орны шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, нарийн мэргэшлийн судлаач бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Оросын ШУА-ийн Алс Дорнодын холбооны их сургуулийн Байгалийн ухааны сургуулийн захирал, академич Валентин Иванович Сергиенко, Японы Каназавагийн их сургуулийн профессор Кацүжи Ёшиокад Монголд шинжлэх ухааны нарийн мэргэшлийн судлаач эрдэмтэн бэлтгэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн  “Хубилай хаан” медалиар тус тус шагналаа


Шинжлэх ухааны академийн дээд шагнал “Хубилай хаан” медалийг 2008 онд үүсгэн бий болгож, Монгол Улсын болоод дэлхийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүн нь олон улсын хэмжээнд үнэлэгдсэн, энэ салбарт 20-иос доошгүй жил ажилласан, шинжлэх ухааны нарийн мэргэшлийн боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжлийн өндөр ур чадвартай Монгол улсын болон гадаадын эрдэмтэнд, мөн Монгол улсын шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан төрийн зүтгэлтэн, хувь хүнд олгодог болсон юм. 



Энэхүү шагналыг ШУА-ийн дэд ерөнхийлөгч, доктор Ц.Цэрэндорж гардуулж хүндэтгэл илэрхийлсэн бөгөөд тус үйл ажиллагаанд хүндэт зочдоор “Чингис хаан” одонт, академич Д.Доржготов, Х.Намсрай, Сансрын нисгэгч, Хөдөлмөрийн баатар Ж.Гүррагчаа, Хөдөлмөрийн баатар, академич Р.Барсболд тэргүүтэй хүмүүс оролцсон юм.

相关新闻