БАЯНХОНГОР: Түйн голын гүүрийг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-09-25 16:07:14
Баянхонгор, 2024 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн говийн чиглэлийн сумдын иргэдийн дамжин өнгөрөх гол цэг Богд сумын Түйн голын гарам стандарт гүүртэй болж, замын хөдөлгөөнийг албан ёсоор нээлээ. Хөдөлгөөнийг нээх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, сум орон нутгийн удирдлага, иргэд оролцов.

Гүүр нь 64х15 метрийн урттай, таван тулгууртай, 44 тоннын даацтай төмөр бетон хийцтэй. Тус гүүрийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулах нөхцөлтэй байсан ч орон нутгийн ААН “Их Богд зам” ХХК дөрвөн сарын хугацаанд чанарын өндөр түвшинд барьж байгуулан, хугацаанаас нь өмнө ийнхүү ашиглалтад хүлээлгэн өгч байна.

Баянхонгор аймаг сүүлийн дөрвөн жилийн дотор гурав дахь томоохон гүүрэн байгууламжаа ашиглалтад оруулж, олон мянган иргэдийн эрүүл мэнд, амь, эд хөрөнгийг хамгаалан, түргэн шуурхай зорчих боломжийг хангалаа.
相关新闻