Б.Жавхлан: Фитч агентлагаас бидэнд өгч байсан хамгийн өндөр үнэлгээндээ 10 жилийн дараа эргэн ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-25 17:13:55

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Дэлхийн улс орнуудын Засгийн газар хөрөнгийн зах зээл дээр бонд гаргах бол “Фитч”, “Эс энд Пи”, “Мүүдайс” зэрэг агентлагаар зээлжих зэрэглэлээ тогтоолгодог.


Иймд манай улс Чингис бондыг гаргахынхаа өмнө буюу анх 2010 онд олон улсад зээлжих зэрэглэлээ тогтоолгож байжээ. 2011 онд “Фитч” агентлаг Монгол Улсад В+ Тогтвортой" үнэлгээг өгсөн нь манай улсын авч байсан хамгийн өндөр үнэлгээ юм байна. Харин 2013 оноос дээрх агентлагуудын зээлжих зэрэглэлийн үнэлгээ нь тогтмол унасаар 2016 онд хамгийн доод шатандаа хүрчээ. Улмаар манай улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орсноор аажмаар сэргэж, 2018 онд “Фитч” агентлаг В ангилалд оруулсан байдаг. Харин энэ долоо хоногийн эхээр тус агентлагаас мэдээлснээр манай улсын зээлжих зэрэглэл В+ Тогтвортой болсон юм.


Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын үнэлгээг нэг бүтэн зэрэглэлээр ахиуллаа. “Фитч” агентлагаас манайд өгч байсан хамгийн өндөр үнэлгээн дээрээ бид буцаж ирлээ. Энэ бол нэг л алдвал хөгжлөө 10-12 жил, магадгүй үүнээс ч их хугацааг алдах эрсдэлтэй байдаг гэдгийг харуулсан анхааруулга юм. Мэдээлэл гарсны дараагаар Засгийн газрын бондууд болон дотоодын бондуудын үнэлгээ эрс сайжирлаа. Үүнийг дагаад Хөгжлийн банк, Хаан”, Хас банкны зээлжих зэрэглэл сайжирсан. Мөн Энержи Ресурс”-ын зээлжих зэрэглэл нэмэгдэхээр хүлээгдэж байна.


Эдгээр санхүүгийн институтаар дамжуулан гаднаас хөрөнгө оруулалт татах боломж нэг шат ахиж, гаднаас татах хөрөнгийн эх үүсвэрийн өртөг буурч, эцсийн хэрэглэгч буюу зээлдэгчдэд очих зээлийн хүү буурах таатай нөхцөл бүрдэж байна гэв.




相关新闻