Улаанбаатарт төвтэй ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжихийг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын 23 дахь удаагийн уулзалт Нью-Йорк хотноо уржигдар боллоо.
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус уулзалтад
оролцож хэлсэн үгэндээ ДГХБО-ын эрх ашгийг хамгаалах хүрээнд Монгол Улсын
Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, дэвшүүлсэн санал,
санаачилгыг танилцуулж, Улаанбаатарт төвтэй ДГХБО-ын Олон улсын судалгааны
төвийн үйл ажиллагааг дэмжихийг бүлгийн гишүүн улс, хөгжлийн түнш,
оролцогч бусад талд уриалсан юм.
Улмаар Ботсвана Улсын Габороне хотноо ирэх 12 дугаар сарын
10-13-нд болох ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэл
хангах Засгийн газар хоорондын хорооны хамтран даргалагч Монгол Улсын өнгөрсөн
хугацаанд хийсэн ажлыг мэдээлж, энэ бага хурлаар батлах ДГХБО-ын ирэх 10 жилийн
үйл ажиллагааны шинэ хөтөлбөр нь тусгай хэрэгцээ шаардлагатай эдгээр улсын
хөгжилд чухал хувь нэмэр болохыг онцлов. Уулзалтаар Тогтвортой хөгжлийн
зорилтуудын хэрэгжилт, түүнийг эрчимжүүлэх арга зам, ДГХБО-ын ирэх 10 жилийн
үйл ажиллагааны шинэ хөтөлбөрийн зорилго, чиглэл, үйл ажиллагааг тусгасан Сайд
нарын тунхаглалыг баталжээ.
Уулзалтыг ДГХБО-ын Бүлгийн дарга Ботсвана Улсын Гадаад хэргийн сайд Лемоганг Квапе удирдан явуулж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы дарга Ф.Янг, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга Р.Рэй, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Р.Фатима нар нээж үг хэлэв. Уулзалтын ерөнхий хэлэлцүүлэгт ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нар, мөн транзит улсууд, хөгжлийн түншүүд, олон улсын байгууллагын 60 орчим төлөөлөгч үг хэлснийг ГХЯ мэдээллээ.