Гавьяат тамирчин Э.Цэндбаатар Пуэрто Рикогийн Фрэнси Фортунатотой тулалдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 11 дэх тулаанаа аравдугаар сарын 9-ний өдөр Флорида мужийн Плант хотноо хийхээр бэлтгэл сургуулилалтаа үргэлжлүүлж байна.
Э.Цэндбаатарын хувьд өмнөх 10 тулаандаа бүгдэд нь ялсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сард Пуэрто Рикогийн Алберто Меркадог техникийн нокаутаар буулгаж авсан. Харин энэ удаа хүч үзэх Пуэрто Рикогийн өөр нэгэн боксчин Фрэнси Фортунатотой тулалдах юм. Түүний өрсөлдөгч нь 27 настай бөгөөд 2018 онд мэргэжлийн бокст дебютээ хийж байв. Түүнээс хойш өнгөрсөн хугацаанд 16 ялж, ганцхан удаа дийлджээ. 2021 оны гуравдугаар сард Аргентиний Алберто Мелианы эсрэг хийсэн тулаанд шүүгчийн шийдвэрээр ялагдсан байдаг. Тэрбээр сүүлийн хоёр жилд ердөө хоёрхон тулаан хийсэн байх юм. Ингэхдээ 2022 онд 16-0 амжилттай явсан Бернард Торресийг, өнгөрсөн жил 13-2 амжилттай Кейни Монтенегрог тус тус ялжээ.
Тэгвэл Э.Цэндбаатар гавьяат олимпын эрхийн тэмцээнд ялагдсанаас хойш дөрвөн сарын дараа дахин рингэнд гарах гэж байна. Хоёр шилдэг боксчны тулааны эхлэхэд есхөн хоног үлдлээ.