Орон нутагт санал өгөх оюутнуудын хичээлийг зохицуулах тохиролцоонд хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 11-ний өдөр болно. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ өнөөдөр мэдээлэл өглөө.
Тус хорооноос уул уурхай, тээвэр ложистикийн компанид улирлын ажил эрхэлдэг 64,4 мянган сонгогч, орон нутгаас Улаанбаатар хотод ирж их, дээд сургуульд суралцдаг 139 мянган оюутныг оршин суугаа хаягтаа санал өгөх боломжоор хангах асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгийнхэн Өмнөговь аймагт ажиллаад иржээ. Дорнод, Сүхбаатар аймагт ирэх өдрүүдэд ажиллахаар болжээ.
Улаанбаатар хотод суралцдаг оюутнуудыг оршин суугаа хаягт нь санал өгүүлэхээр их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзаж харилцан тохиролцоонд хүрсэн байна. Сонгуулийн санал хураах өдөр бүх нийтээр амрах хуулийн зохицуулалтай. Ийм учраас орон нутагт бүртгэлтэй оюутнуудын ирэх 7 хоногийн лхагва, пүрэв гарагт орох хичээлийг зохицуулахаар болжээ. Харин уул уурхайн салбарт улирлын ажил хийж байгаа ажилтнууддаа аж ахуйн нэгжүүд боломж олгохыг уриалж байгаа аж.
“Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Энэ дагуу СЕХ-ноос дээрх ажлын хэсгийг байгуулсан гэж тус хорооны дарга П.Дэлгэрнаран тайлбар хийлээ.