Уран бүтээлч Жанцаагийн “Хоёр дахь ургалт”

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-10-04 21:55:28

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Олон улсад хамгийн нэр хүндтэй Венецийн биеннальд 2019 онд эх орноо төлөөлөн оролцож байсан, залуу уран бүтээлч Э.Жанцанхорол “Хоёр дахь ургалт” бие даасан үзэсгэлэнгээ ЛХАМ галерейд энэ сарын 3-нд нээлээ. Энэ нь түүний эх орондоо дэлгэж буй гурав дахь үзэсгэлэн юм. 


Алхах бүрд өөрөөс тань өөр нэгнийг шаардах мэт энэ цаг үед өөрчлөгдөх, урган гарч ирэх нь төвөгтэй, тухгүй мэт боловч амьдралын гарцаагүй нэгэн хэсэг болохыг “Хоёр дахь ургалт” үзэсгэлэнгийн бүтээлүүд өгүүлнэ. Газар хагалан цухуйх нахиа адил таны хүссэн хувьсал багахан ч атугай тэсвэр, хатуужилгүйгээр таны хүссэн зүгт “ургах” боломжгүй биш гэдэг санаа ч үзэсгэлэнгийн бүтээлүүдээс тод харагдана.


Холимог бүтээл нь урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авдаг Жанцаа тал нутгаас элбэг олддог хамгийн энгийн эд зүйлсийг ашигласан бүтээлүүдээ эл үзэсгэлэнд дэлгэжээ.




Үзэсгэлэнг нээх үеэр ЛХАМ олон улсын галерейн үүсгэн байгуулагч М.Нацагсүрэн хэлэхдээ, “Манай галерей 14 дэх үзэсгэлэнгээ уран бүтээлч Жанцаагийн бүтээлүүдээр гаргаж байна. Түүний бүтээлүүд танил дотно хэр нь төсөөлөө ч үгүй ертөнц рүү хөтөлнө. Жанцаа бол Хонконгийн Арт базельд Лондон хотын “Flower Gallery”-ыг төлөөлөн оролцож, Венецийн биенналь, Миамигийн урлагийн базельд сонгогдон, олон улсад өөрийн чадварыг үнэлүүлж яваа уран бүтээлч юм. Эдгээр галерейд топ уран бүтээлчид орж чаддаг бол Жанцаа хоёр удаа оролцоно гэдэг нь уран бүтээлчийн чадвар болон бүтээлийнх нь чанарыг харуулдаг” хэмээн тодотгож байсан юм.


Өнгөрсөн болон одоо цагийн онцгой сонин хоёрдмол шинжийг амьтай болон амьгүй зүйлсийн хувьсал зохицлын нь дунд ер бусын байгалилаг урладаг Э.Жанцанхоролоос үзэсгэлэнг нээх үеэр ийнхүү тодруулсан юм.

 

-“Үзэсгэлэнгээ яагаад “Хоёр дахь ургалт” хэмээн нэрлэсэн бэ?

-Хоёр дахь ургалт бол англиар “second growth” буюу шинжлэх ухааны тогтсон нэршил юм. Ялангуяа, ургамал зүй дээр. Анхдагч ургалт нь уртаашаа, дээшээ ургахыг хэлдэг. Илүү бат бөх болоод ирэхээрээ салаалж, хөндлөн ургахыг хоёр дахь ургалт гэдэг. Үндсэндээ миний бүтээлийн ерөнхий утга санаа нь тэр юм. Аливаа ямар нэгэн зүйл дархлаа, эсэргүүцэл, хамгаалалт гэсэн утга агуулга дор эргэлдэж байдаг. Анзаараад байхад бүх л юм эсэргүүцэлтэй тулгарч байдаг. Аливаа шинэ санааг ч гэсэн бидний төрөлхийн зан эсэргүүцээд байх үе байдаг шүү дээ. Эсэргүүцэл сайн, эсвэл муу ч байсан хөгжил гэж үзэж болох юм. Тэгэхээр ороо бусгаа, холимог ертөнц, нийгэм байгаль, хот гэсэн эсрэг тэсрэг талуудын нийлэмжийг бүтээлүүддээ илэрхийлсэн.


-Үзэсгэлэнгийн төв дэх машины тал бүрд эвэр "ургажээ". Эвэр бол зарим амьтны хувьд биеэ хамгаалах хэрэгсэл. Нөгөө талаар эвэр бат бөх, хүч чадал, эрх мэдлийг бэлгэддэг маш сонирхолтой талтайг та өмнө нь тайлбарлаж байсан. Харин энэ удаад ямар санааг илэрхийлэхийг хүсэв?

-Энэ машинд ямаа, хонь, үхрийн эврийг ашигласан. Мартагдаж хаягдсан 1993 оны машиныг бүтээлийнхээ хэрэглэгдэхүүн болгосон. Хаягдаж орхигдчихсон энэ машиныг байгаль өөртөө нэгтгэн авч байгаа гэсэн утга гаргахыг эрмэлзсэн. Харин цаана буй босоо баримлууд маань “Ижил эрмэлзэл” нэртэй. Тэгэхээр өөр өөр зүйлс байгаа боловч ижил эрмэлзэлтэй байгаа нь дараагийн шатандаа ахиж, түүний дараагийн шат гэх мэтээр хөгжиж байгаа гэсэн санааг харуулж байгаа юм.


-Холимог техник ашигласан бүтээлүүд тань урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авсан байдаг. Материалаа хэрхэн цуглуулдаг вэ?

-Зарим материалаар юм хийнгүүт дараачийн санаа урган гарч ирдэг.  Нэгэнт олон жил яг л нэг ерөнхий сэдвээрээ, үүнийхээ хажууд хэд хэдэн дэд сэдэвтэйгээр хөгжүүлээд л явж байна. Тэгэхээр ямар материал дутагдаж байгааг харанхуйд тэмтэрч байгаа юм шиг эрж хайдаг. Маш их цуглуулдаг. Гэхдээ бас цуглуулсан зүйлсээ үе үе хаяж байхгүй бол болдоггүй.  


 “Хоёр дахь ургалт” үзэсгэлэн 11 дүгээр сарын 17-ныг хүртэл олны хүртээл болно.


Уран бүтээлч Э.Жанцанхорол АНУ-ын Hunter коллеж, UCLA-г орчин үеийн урлагийн чиглэлээр төгссөн. Тэрбээр Венецийн биенналь, Хонконгийн Арт Базель зэрэг олон улсны нэр хүндтэй үзэсгэлэнд оролцож, Маими, Нью-Йорк, Лондон, Лос-Анжелос зэрэг томоохон хотод бүтээлээ дэлгэж байв.













相关新闻