МСНЭ, БНСУ-ын ЭСЯ-ны нөхөрсөг уулзалт Тэрэлжийн "Хос Хад" цогцолборт боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭМСНЭ, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран хэвлэл мэдээллийн салбарынхны дунд өнгөрсөн амралтын өдөр “Монгол, Солонгос анд нөхдийн спорт уулзалт”-ыг Тэрэлжийн "Хос хад" цогцолборт зохион байгууллаа.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Суны дэмжлэгтэй зохион байгуулсан тус уулзалтад хэвлэл мэдээллийн салбарын 80 орчим төлөөлөл, БНСУ-ын ЭСЯ-ны ажилтан, албан хаагчид хоёр орны үндэсний хоол, хувцсаа сурталчилж үндэсний сур харваагаар цэц мэргээ сорин, БНСУ-ыг хэн сайн мэдэх вэ асуулт хариултын уралдаанд оролцов.
Энэ үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Суныг МСНЭ-ийн "Хүндэт медаль"-иар шагнасныг тус яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Шин Сан Кьюнд гардуулсан юм.
“Солонгос орныг хэн сайн мэдэх вэ” АХА тэмцээнд “Засгийн газрын мэдээ” сонины ахлах дизайнер Д.Хулан тэргүүлж Инчеон-Улаанбаатар чиглэлийн онгоцны тийз гардсан бол "Zaluu.com3 сайтын маркетингийн менежер С.Мөнхзул Бусан-Улаанбаатар зорчих онгоцны тийзээр шагнууллаа.
Монгол Үндэсний сур харвааны тэмцээний ганцаарчилсан төрөлд тэргүүн байрыг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн спортын сэтгүүлч Д.Өлзийсайхан, дэд байрыг “Монта” студийн зураглаач Ч.Гэрэлт-Од, гутгаар байрыг “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа нар тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал, медаль хүртэв.
Харин багийн төрөлд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд, БНСУ-ын ЭСЯ-ны ажилтан албан хаагчдаас бүрдсэн 8 баг цэц мэргээ сорьж МОНЦАМЭ агентлагийн "Зэв" баг гуравдугаар байрт шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал гардлаа.
Энэ үеэр оролцогсод үндэсний хувцастай дурсгалын зураг татуулав.
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ