Хятадын хүн амын өөрчлөлтийг судална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-10-10 11:55:10

БЭЭЖИН, 2024 оны аравдугаар сарын 10 /TASS/. Хятадын эрх баригчид хүн ам зүйд гарч буй өнөөгийн өөрчлөлтийг тодорхойлох зорилгоор хүн амын түүвэр судалгаа хийхээр шийдвэрлэжээ. Тус улсын Үндэсний статистикийн товчооноос мэдээлснээр, судалгааг 10 дугаар сарын 10-наас 11 дүгээр сарын 30-ны хооронд явуулна.


Хятадын засгийн газар нас, үндэс угсаа, боловсролын түвшин, дотоод шилжилт хөдөлгөөний байдал, оршин суугаа газар, ажил эрхлэлт, гэр бүлийн байдал, хүүхэдтэй эсэх гэх зэрэг хүн амын үзүүлэлтүүдийг судлахаар төлөвлөжээ. 


Сүүлийн жилүүдэд Хятадын хүн ам хөгширч, төрөлт буурах хандлага ажиглагдаж байгаа юм. Албан ёсны урьдчилсан мэдээгээр 2035 он гэхэд 60-аас дээш насны иргэдийнх нь хүн амд эзлэх хувь 30 хувиас давна.


1970-аад оноос хойш Хятадын эрх баригчид "нэг гэр бүл-нэг хүүхэд" гэсэн төрөлтийг хянах бодлого баримталж ирсэн юм. Гэвч төрөлт хурдацтай буурч, хүн ам хөгширсний улмаас засгийн газар бодлогоо аажмаар зөөлрүүлж эхэлсэн бөгөөд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бол 2021 оны тавдугаар сард гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрчээ.


Хятадын хүн ам сүүлийн 60 жилд анх удаа 2022 онд буурсны дараа өнгөрсөн онд дахин буурсан үзүүлэлтэй гарсан юм.

相关新闻