БСШУС-ын сайд Налайх дүүргийн багш, ажилтнуудтай уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛБСШУС-ын сайд Ж.Батсуурь нэг өдрийн томилолтын хүрээнд Налайх дүүргийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, боловсрол соёл, спортын салбарт ажиллаж байгаа ажилтан албан хаагчдын ажилтай танилцав.
Тэрбээр нийслэлийн төдийгүй улсын хэмжээнд үүсээд байгаа сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу, засвар шинэчлэл хийх, шинээр барьж байгуулах зэрэг асуудал тус дүүрэгт мөн адил байгааг хэлээд санхүүжилт дутуугаас үүдсэн тус дүүргийн Биеийн тамир спортын ордны барилгын гүйцэтгэл, нөхцөл байдалтай танилцлаа. Тус барилгын ажлын явц 60 хувьтай байгаа аж.
Салбарын сайд яам, Засгийн газраас гаргасан төсөв, хөтөлбөрийн дагуу эдгээр асуудлыг шийдвэрлэх арга зам, гарц хайж байгаа талаар салбарын мэргэжилтэн, багш сурган хүмүүжүүлэгчидтэй уулзах үеэрээ онцолж байлаа. Тэрбээр 5 сургууль, 2 цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, Налайх дүүргийн Биеийн тамир спортын газар, соёлын газрынхантай уулзсан юм.
Харин дараагийн удаа Сүхбаатар дүүрэг дэх салбарын байгууллагын үйл ажиллагаа, ажилтан, албан хаагчидтай уулзах юм.
Ж.Болор