“Нямбуугийн Нямдорж-90” эрдэм шинжилгээний бага хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Төрийн шагналт яруу найрагч Н.Нямдоржийн мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан найрагчийн нэрэмжит “Дорно” сангаас санаачлан “Нямбуугийн Нямдорж-90” эрдэм шинжилгээний бага хурлыг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд маргааш зохион байгуулна.
Уг хуралд Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Дашням, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, До.Цэнджав тэргүүтэй утга зохиолын салбарынхан Н.Нямдоржийн уран бүтээлийн онцлог, гүн, далд чанар, шүлгийг нь дорно дахины зохист аялгууны онолын үүднээс тайлбарлахаас гадна найрагчийн хэвлэгдээгүй шүлгүүдийн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм. Н.Нямдорж найрагчийн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд түүний бүтээлийг яруу найраг, шүүмж, судлал, дурсамж, тэмдэглэл гэсэн гурван ботиор хэвлэхээр бэлтгэж байгаа аж.
Төрийн шагналт яруу найрагч Н.Нямдорж 1934 оны аравдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Бүрхийн төгөл гэдэг газар мэндэлжээ. 1957-1962 онд тэр үеийн ЗХУ-ын нийслэл Москва хот дахь М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцан төгссөн. Анхны ном нь 1959 онд “Үүлэн бор” нэртэйгээр хэвлэгдсэнээс хойш 1992 оныг хүртэл яруу найргийн нийт 14 ном хэвлүүлжээ. Улмаар 1992 онд шилдэг шүлгүүдээрээ Төрийн соёрхол хүртсэн юм.
Н.Нямдоржийг Монголын яруу найрагт чөлөөт сэтгэлгээний салхи оруулсан яруу найрагч гэж зүй ёсоор үнэлдэг. Эзэндээ алдар хүнд, хавчигдал, хэлмэгдлийн аль алиныг авчирч, яруу найрагт цоо шинэ үзэгдэл болсон “Үүлэн бор”, “Онон хатан ижий” ном нь хожим төрийн шагналынх нь зарлигт дурдагдсан байдаг юм.