Тааз нь нурсан цэцэрлэгийг засварлаж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-17 18:06:16

Тааз нь нурснаас үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа Сайнцагаан сумын 1- р цэцэрлэгийн  таазыг бэхлэн засварлаж эхэлжээ. Энэ тухайд аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Ц. Бумангэрэлээс тодруулахад, засварыг 11 дүгээр сарын нэгэн гэхэд дуусгахаар гүйцэтгэгч компани гэрээндээ тусгасан. Комисс хүлээж авсаны дараа ирэх сарын дунд үе гэхэд цэцэрлэг хэвийн үйл ажиллагаанд шилжих урьдчилсан төлөвлөгөөтэй байна гэлээ.  

1958 онд ашиглалтад орсон эл цэцэрлэгийн барилга ашиглалтын хугацаа аль хэдийн дуусгавар болсон. Тиймээс шинэ цэцэрлэг барих нэн шаардлага тулгарч байгаа юм. Шинэ цэцэрлэг барих асуудал шийдэгдэх хүртэл хуучин барилгын нь таазыг бэхэлж, аюулгүй болгон ашиглаж байх талаар аймгийн удирдлагын түвшинд ярилцаад ийнхүү шийдвэрлэжээ.

 Засварыг барилга угсралт, засварын “Дөл БМБ” ХХК хийхээр шууд гэрээ байгуулсан байна. Барилгын таазны засварын төсөвт өртөг анх төсөвлөж байснаас 3 сая төгрөгөөр ахисан бөгөөд нийт 9 сая төгрөгийг Боловсрол, соёлын газар өөрийн төсвөөс зарцуулах ажээ.

Засвар дуусах хүртэл тус цэцэрлэгийн 4 бүлгийг Сайнцагаан сумын бусад цэцэрлэгүүдэд хуваарилан, цэцэрлэгийн үйл ажиллагааг тасалдуулалгүй явуулж байна.  

Т. Отгонтуяа         

 

相关新闻