Сүүлийн 77 жилийн 55 хувьд нь өнтэй өвөлжжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Сүүлийн 77 жилийн судалгаагаар өнтэй өвөлжсөн жил 55, зутарсан жил 45 хувийг нь эзэлж байна.
Өнгөрсөн жилийн зудад гэхэд 19 аймгийн 232 сум өртөж 7,4 сая толгой мал хорогдож,
нийгэм эдийн засагт нэг их наяд 357 тэрбум төгрөгийн хохирол учирсныг ОБЕГ-ын дэд дарга, бригадын
генерал Б.Ууганбаяр "Амгалан
дэлхий түншлэл” ТББ-ын дэргэдэх Монголын тогтвортой хөгжлийн сэтгүүлчдийн клуб,
ЮНЕСКО хамтран зохион байгуулсан “Өвөл, хаварт бэлэн үү” уулзалтад оролцох үеэрээ онцолжээ.
Зудад нэрвэгдсэн малчдад аж ахуйн нэгжүүд иргэдээс 4,9
тэрбум төгрөгийн хандив тусламж илгээжээ.
Иймд өвлийн бэлтгэлийг эртнээс бэлддэг болмоор байна. Малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулах, малаа
эрүүлжүүлэх, худаг усныхаа тоог нэмэх, хашаа хороогоо дулаалах, өвс тэжээлээ
сайн бэлтгэхэд, малчид ч хувийн
бэлтгэлээ сайн хангах, хүүхдийнхээ
хичээлийг таслуулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн өвөл Сүхбаатар
аймгийн хүүхдүүд хамгийн их хичээлийн хоцрогдолтой гэсэн судалгаа гарсан. Сумын
засаг дарга нар өвлийн бэлтгэлээ сайн хангах шаардлагатайг тэрбээр хэлж байлаа.
Өнгөрсөн өвлийн зудын
үеэр гэхэд 138 мянган километр замыг туулж зам даваа гаргаснаар хүүхдийн хичээл сургууль тасалдах,
эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, өвс тэжээл хүргэх нөхцөл бүрджээ. Манай улсад зуд нүүрлэж байсан сургамж олон бий. Тухайлбал, 1999-2002 онд хатуухан зуд болж байсан. 1999-2000 оны зудад 13 аймгийн 157
сумын мал өртөж, 3,5 сая мал, 2000-2001
оны зудад 20 аймгийн 192 сум өртөж 4,8 сая мал, 2001-2002 оны зудад 7
аймгийн 73 сум өртөж 2,9 сая толгой мал хорогдсон мэдээ бий. Мал аж ахуйн орон
гэгддэг манай улсад зудын
гамшиг нийгэм, эдийн засагт хүндээр тусдаг. 2009-2010 онд мөн зуд болж 9,7 сая
толгой мал хорогдон, 526
тэрбум төгрөгийн хохирол учирсан аж.
Боловсролын судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаагаар зудын нөхцөл байдлаас
хамааран орон нутгийн сургуулиудын сургалт, хөгжлийн үйл ажиллагаанд
мэдэгдэхүйц сөрөг үр дагавар бий болсныг сургуулийн сургалтын менежер, багш нар
онцолсон байна.
ХХААХҮЯ-ны Мал
аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун “Зуд
нүүрлэж малгүй болсон иргэд хот суурин газрыг бараадахаас аргагүй болдог. Үүнээс болоод шилжилт хөдөлгөөн нэмэгдэж хотын хүн
амын тоо улам өсөж байна. Зуданд малаа алдсанаас болоод 30 жилийн дотор 728
мянган иргэн нийслэлд шилжин суурьшсан
нь 8 аймгийн хүн амын тоотой
тэнцэж байгаа юм. Тэдний олонх нь залуу
гэр бүл байдаг учир залуу малчдын
тоо цөөрч байна. Нийт шилжин ирж байгаа хүмүүсийн 25 хувь нь зудад малаа
алдсанаас болж хот бараадсан байдаг”
хэмээв.