“Улаанбаатар Энержи” багийнхан Макаогийн “Мастерс” тэмцээнд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3-ын цуврал Макаогийн “Мастерс” тэмцээн маргааш эхэлнэ.
140 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөх бөгөөд Монголоос “Улаанбаатар Энержи” оролцоно. Манай залуус “С” хэсэгт багтахдаа Францын “Парис” багтай таарлаа. Түүнчлэн урьдчилсан шатнаас Германы “Эс Ти Паули”, Шинэ Зеландын “Хамилтон”, Австралийн “Брисбэн” багийн хожсон нь “С” хэсэгт орох юм.
Шилдэг 16 багаас чансаагаараа зургаадугаарт эрэмбэлэгдсэн Монголын багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Марко Дугосия, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал нар багтсан бол Стив Сир өнжихөөр болсон байна. Тэд хэсгийн эхний тоглолтоо маргааш Улаанбаатарын цагаар 17:55 цагаас “Парис”-тай хийнэ. Харин хоёр дахь тоглолт 20:25 цагаас болох юм.
“Улаанбаатар
Энержи” өнгөрсөн долоо хоногт Нидерландын Амстердам хотод болсон “Мастерс”-ын
наймдугаар байрт шалгарсан бол 14 хоногийн өмнө Үшид хэсгийн шатнаас тэмцээнээ
дуусгасан юм.