ДУНДГОВЬ: 14 сургуульд 25 сая төгрөгийн ном бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-10-21 16:48:12
altantogos

Мандалговь, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Сайнцагаан сумын ЗДТГ, БШУГ, “Нэг үеийнхэн” ТББ хамтран “Ном миний амьдралд” үйл ажиллагаа зохион байгуулж, “Нэг үеийнхэн” ТББ-ын 1997 оны төгсөгчид Ерөнхий боловсролын 14 сургуульд 25 гаруй сая төгрөгийн англи хэл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлийн ном бэлэглэв. Мөн Сайнцагаан сумын сургуулиудад QR код уншигч принтер хүлээлгэн өгчээ.


Хүүхэд бүрд ном унших дадал зуршил бий болгох, ном уншин мэдлэгээ ахиулж, сэтгэн бодох чадвараа сайжруулах, чөлөөт цагаа зөв өнгөрүүлж өөрсдийгөө хөгжүүлэхэд нь туслах зорилгоор тус үйл ажиллагааг зохион байгуулсан байна.  


Энэ үеэр Монгол Улсын зөвлөх, Говийн ирээдүй сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Э.Тогоохүү, Эрдмийн далай сургуулийн 11а ангийн сурагч Б.Бямбажаргал, 12д ангийн сурагч Б.Гантигмаа нар “Ухаалаг утаснаас уншлагын цаг руу” илтгэл танилцуулжээ.


Технологийн хөгжил дэвшил, ухаалаг утасны хэрэглээ нэмэгдэх тутам түүний сөрөг нөлөө ихэсч байна. Тиймээс Дундговь аймгийн төв номын сангаас санаачлан өнгөрсөн 4-5 дугаар сард “Эрдмийн далай” сургуулийн дотуур байрын сурагчидтай хамтран "Ухаалаг утаснаас уншлагын цаг руу" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч, тус хөтөлбөрт хамрагдсан сурагчид утас оролдож суудаг цагаа ном уншихад зориулснаар мэдлэгээ тэлж, олон шинэ бүтээл хийж, хоорондоо уншсан номынхоо тухай ярилцдаг болжээ. 





相关新闻