ДУНДГОВЬ: 2024 оны "Шилдэг старт ап"-ыг шалгаруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ![](/files/6718c039158f5.jpeg)
Мандалговь, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны
бизнесийг дэмжих, тэднийг ажлын байраар хангах зорилгоор “Старт ап” хөтөлбөрийн шалгаруулалтыг явуулж, “Child to child” баг шалгарчээ.
Энэхүү хөтөлбөр нь орон
нутагт гарааны бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, залуучуудаар удирдуулсан
гарааны бизнесийг тодруулах, тэдэнд бизнес эрхлэх мэдлэг чадвар олгох, бизнес
санаагаа бодитоор хэрэгжүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлдэг онцлогтой үйл
ажиллагаа юм.
Тус хөтөлбөрийг аймгийн Хөдөлмөр,
халамжийн үйлчилгээний газар “Маркетинг стэйс” ХХК-тай хамтран зохион байгуулж,
хөтөлбөрт 5 багийн 23 залуу хамрагдсанаас I шатны шалгаруулалтаар 4 баг үлджээ.
II шатны шалгаруулалтад Унд баг “Өдрийн хоол”, Эмүүн камп баг “Хүүхдийн зуслан”, Child to child баг “Найзууд” хөгжлийн төв, Цэмцгэр зөгий баг “Гэр цэвэрлэгээ үйлчилгээ” бизнесийн санааг хэрэгжүүлэхээр оролцсоноос шүүгчдийн онооны нийлбэрээр Child to child баг шалгарч, 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах эрхтэй болсон юм.
Шалгаруулалтыг явуулахдаа
бизнес санааны шинэлэг байдал, хэрэгжих боломж, санхүүгийн төлөвлөлт, багийн гишүүдийн
ур чадвар, шилдэг санаагаа танилцуулах байдал гэсэн таван үзүүлэлтээр дүгнэжээ.