Амины орон сууцанд олгох ипотекийн зээлийн хүртээмжийг нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-29 16:11:58

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ирэх жилүүдэд ипотекийн санхүүжилт, зээлийн эх үүсвэрийг нэмж, амины орон сууцны стандартыг шинэчлэн, үл хөдлөх хөрөнгө болгох боломж бүрдүүлэх, дэд бүтэц, цахилгаан хангамжийг сайжруулж, аймаг, орон нутагт олгох ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэхийг зорьж байна.


ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, “Хуримтлалын сан”-гийн хүрээнд хэрэгжих орон сууцжуулалтын тогтвортой санхүүжилтийн төлөвлөлтөө ярилцсан юм. Ипотекийн зээлд өнгөрсөн хугацаанд 130 мянган өрхөд 8.9 их наяд төгрөг олгосон бол 2023 оны байдлаар 996.9 мянган өрхийн 71 хувь нь орон сууцгүй байв.



Дэлхийн банктай хамтран гэр хорооллын дахин төлөвлөлт, эрчим хүчний хэмнэлттэй, ариун цэврийн байгууламжаа бүрэн шийдсэн амины орон сууцыг нэмэх боломжийг судалжээ. Цаашид ипотекийн зээлийг дан ганц орон сууцанд бус хашаандаа сайхан амьдрах хүсэлтгэй иргэдэд олгоно. Мөн орлогод нийцсэн хүртээмжтэй орон сууцны хөтөлбөрт анх удаа байр авч буй залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, олон хүүхэдтэй гэр бүл зэрэг зорилтот бүлгээ түлхүү хамруулахыг ГБХНХЯ мэдээлжээ. 

相关新闻