Арилжааны банкаар дамжуулан 70 мянган оюутанд сургалтын зээл олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭБоловсролын зээлийн сан өнөөдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхэллээ.
Тус сан байгуулснаар оюутнууд сургалтын төлбөрөө зээлээр төлөх боломжтой болж, өрхийн санхүүгийн зардлыг бууруулж, амьжиргааг нь тэтгэхээс гадна дээд боловсролын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм. Мөн гурав ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд зэрэг суралцаж буй өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгох юм.
Боловсролын зээлийн сан оюутны төлбөрийн зээлийг энэ сараас арилжааны банкаар дамжуулан нийт 70 мянга орчим оюутанд олгож эхлэхээр төлөвлөжээ.
Тухайн их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт нээлттэй, сургууль төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн төлбөр төлөх тааламжтай нөхцөлтэй, зээлийн хүүгийн дарамтгүй, хамгийн бага хүүтэй хөгжлийн зээл байна гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.
Нээлтийн ажиллагааны үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурь хэлэхдээ, “Засгийн газраас Боловсролын зээлийн сан байгуулах шийдвэр гарч, оюутны хөгжлийн зээл олгох харилцааг зохицуулсан журмыг баталж, 2016 онд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн тодотголын хуулиар шийдвэрлэлээ. Боловсролын зээлийн сан нь дотоодын их, дээд сургуулийн оюутан суралцагчдын үндэсний тэтгэлэг олгох, өндөр хөгжилтэй орнуудад суралцах суралцагчдын магистр, докторын сургалтын зээл олгох, дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн баклаврын сургалтад суралцах оюутнуудын зээл олгох зэрэг хууль тогтоомжид заасан оюутан суралцагчдын санхүүгийн дэмжлэг, зээлийн үйлчилгээг үргэлжлүүлэн зохион байгуулна. Боловсролын зээлийн сан байгуулснаар их, дээд сургууль, коллежийн оюутнууд сургалтын төлбөрийн дарамтгүй суралцах боломжтой болж байна” хэмээн онцлов.
МУБИС-ийн 4 дүгээр курсын оюутан Г.Хулан, “Сайн сурдаг оюутнуудад зээлээр сурах маш том боломж нээгдэж байна. Сургалтын төлбөрөө өмнө нь аав, ээжээрээ төлүүлэх эсвэл зуны амралтаараа ажил хийж олдог байсан бол одоо сургалтын төлбөрийн зээлд хамарч, ажил дээр гарсны дараа эргэн төлөх боломжтой боллоо” гэв.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал