Эрээн хотын орлогч дарга Дундговийн Засаг даргатай уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-18 21:26:22

БНХАУ- ын Эрээн хотын орлогч дарга Уул тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Мандалговь хотод зочлов. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Эрээн хотын Гадаад харилцааны газрын дарга Нарс, Боловсролын газрын дарга Баатар, Худалдааг дэмжих хорооны дарга Шилийнбаатар нар багтсан бөгөөд тэд Дундговь аймгийн Засаг даргатай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж саналаа нэгтгэсэн байна.

Тухайлбал, Дундговь аймгийн хувьд жижиг, дунд үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүн борлуулалтыг Эрээн хотын зах зээл рүү тэлэх боломжийг эрэлхийлж байгааг аймгийн Засаг дарга илэрхийлж, боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт харилцаа тогтоон ажиллах хүсэлтээ уламжлав.

Эрээн хотын 3- р дунд сургуультай Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” сургууль найрсаг харилцаа тогтоон хамтран ажиллахаар болж байгаа юм. Энэ хамтын ажиллагааны хүрээнд багш сурагчдын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, хоёр орны хэл, соёлыг харилцан судлах,Эрээн хотод Дундговийн хүүхдүүдийг суралцах боломжийг бүрдүүлэх, монголын үндэсний бичиг үсэг, уртын дууны багш нарын харилцан туршлага солилцуулах, урлаг, спортын хамтарсан уралдаан тэмцээн зохион байгуулах зэргээр олон ажлыг төлөвлөж байгаа бөгөөд үүнийг дэмжиж ажиллахаа Эрээн хотын орлогч дарга Уул болон дагалдан яваа албаны хүмүүс илэрхийлсэн байна.

Төлөөлөгчид аймгийн Боловсрол, соёлын газар болон Сайнцагаан сумын “Мандал” сургуультай танилцаж, тус сургуульд хөл бөмбөгийн нэг багийн өмсгөл бэлэглэв. Мөн ирэх хавар Үндэсний бичиг үсгийн баярыг хамтран зохион байгуулахаар ярилцжээ.

Т. Отгонтуяа         

 

相关新闻