Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 504 сонгогч саналаа өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн 15 сумын ИТХ- ын сонгуулийн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах санал хураалт дууслаа. Санал хураалт 95.81 хувьтай явагджээ.
Сонгуулийн санал хураалт явуулах 66 хэсгийн хороонд нийт 522 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөхөөр бүртгүүлснийг өчигдөр аймгийн сонгуулийн хороо мэдээлж байсан. Харин Адаацаг суманд 3 сонгогч нэмж бүртгэгдсэнээр нийт 525 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр болсон юм.
Өнөө оройны 20 цагт санал авах ажиллагаа дуусч, хэсгийн хороодын нэгтгэсэн мэдээгээр нийт 525 сонгогчийн 504 нь зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгсөн байна.
Санал авах үед оршин суух хаягтаа байгаагүй, иргэний үнэмлэхгүй, эмчилгээнд явсан, баривчилгаанаас суллагдсан зэрэг шалтгаанаар 21 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгч чадаагүй байна.
Маргааш өглөө 07 цагт санал хураах байр үүдээ нээнэ. Эхний сонгогч саналаа өгөхөөс өмнө хэсгийн хорооны ажилтнууд зөөврийн битүүмжилсэн хайрцгийг задалж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулна.
Т. Отгонтуяа