Ж.Гэрэлмаа:Олон өдөр бодож монгол бичгэн хээтэй авдар хийх санаа олсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-18 21:58:02

“Монголын сайхан бичигтэн 2015” улсын уралдааны гранпри шагналт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын ЕББД сургуулийн багш Ж.Гэрэлмаа саяхан шагналын бонусаараа урд хөршийг зориод ирсэн байгаа. Ингээд түүнтэй уулзаж, аялалынх нь сонин хачинаас сонслоо.

-Та гадаадад аялах болсон тухайгаа хэзээ анх сонссон бэ. Энэ асуултаар яриагаа эхэлбэл ямар вэ?

-Улсын уралдаанд түрүүлэн шагналаа авах үедээ хилийн чандад аялах эрхийн бичгээ аваад л мэдсэн дээ.

-“Монголын сайхан бичигтэн-2015” улсын уралдааны аль ангилалд, ямар онцлогтой бүтээлээр оролцож энэ амжилтыг гаргав?

-Би 2014 онд “Монголын сайхан бичигтэн 2014” улсын уралдаанд анх  цаасан урлалын “Дэлгэр монгол орон” бүтээлээр оролцож, улсад 3-р байр эзэлж байсан. Энэ удаа “Бичвэрийн бус төрлөөр” буюу монгол бичиг соёлыг хэрхэн ахуй амьдралтай хослуулан хэрэглэж болох санааг хөндсөн төрөл л дөө. Энэ маань “Монгол бичгэн хээтэй авдар” байлаа.

-Аливаа бүтээлд санаа, шийдэл чухал байдаг. Номын авдар бүтээх санааг хэрхэн яаж олсон бэ?

-Олон өдөр бодон байж монгол бичгэн хээтэй авдар хийх санаагаа олсон. Би  Завхан аймгийн Тэлмэн сумын “Өгөөмөр” багд жирийн малчин айлд төрж, өссөн. Нөгөө талаас монгол авдарын өмнө шагай тоглож өссөн хөдөөний хүүхэд. Ийм учраас л энэ санаа ойрхон санагдсан.

-Багш гэрэлмаа дунд болон их сургуулиа хаана төгсөв. Мэргэжлээрээ хэр олон жил ажиллаж байна даа. Мөн таныг багш болоход нөлөөлсөн багш нараа тань хэн бэ дурсвал?

-Дунд сургуулиа Тосонцэнгэл сумын Улсын тэргүүний 10 жилийн 1-р сургуулийн Монгол хэлний төрөлжсөн ангид суралцан төгссөн. Тэгээд Улаанбаатар хотод Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн Монгол бичгийн ангид суралцан  төгссөн. Багш болоход нөлөөлсөн зүйл маань 10 жилийн даасан ангийн багш Д.Аюушжав монгол хэл, бичгийн мундаг багш байлаа. Энэ хүний чадвар, биеээ авч яваа байдал л намайг багш болгосон гэж боддог. Багш минь одоо “Шинэ эрин” сургуульд ажиллаж байгаа. Одоо хүртэл холбоотой байдаг  даа.

-Та саяхан шагналын эрхийнхээ дагуу ӨМӨЗО-д аялаад иржээ. Явсан газрынхаа сонин сайхнаас хуваалцана уу? Яг хаагуур аялав даа?

-Аян замд үзэж харсан бүхэнд “Мянган удаа сонсохоор нэг удаа үз”  гэдэг үгийн үнэ цэнийг мэдрүүлж, сайхан зүйл үзээд ирсэн. Бид Эрээн, Хөх хот, Баян нуур, Ордос  хотуудаар яваад ирлээ. Өвөрлөгч орны хотуудаар аялахад хамгийн сайхан нь үндэсний бичиг соёл заншлаа орхилгүй дээдэлж, алхам тутамд хэрэглэж,  хослуулан хөгжүүлсэн нь үнэхээрийн гайхалтай бас бахархалтай санагдлаа.

Хэрэглээ чимэглэл нь тун энгийн гудамны гэрэлтүүлэг бүрт эмээлийн  дөрөө, морин хуурын толгой хоёрыг оруулсан. Мөн ресторанд нь сарлагийн салаа турууг ашиглан хоолны сав хийсэн байна. Түүнчлэн морин хуурын хэлбэртэй чихэр, монгол гэр нь байшин дотроо бариастай. Онгоцны буудлыг гаднаас нь харахад  нисэж яваа бүргэдийн хэлбэртэй, дотор талдаа монгол гэрийг хэд дахин  томруулсан байх жишээтэй.

-“Хүмүүн бичиг” сонины зөвлөл амласнаа биелүүлж, та хилийн чанадад аялаад, их сайхан зүйл үзээд иржээ. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Үнэхээр сайхан, сэтгэл өндөр байна. Өнөөгийн дунд сургуулийн цалин мөнгө ямар билээ. Барагтай багш нарт олдоод байдаггүй боломж гэж бодож байна. Юм үзэж, нүд тайлах боломж олгосон Монголдоо цорын ганцхан үндэсний бичгээр хэвлэгддэг “Хүмүүн бичиг” сониныхондоо баярлалаа. Өвгөдөөс улбаатай бичиг соёлын гайхамшиг, босоо заяат тэнгэрийн бичгээрээ гангарч яваа цуцашгүй хөдөлмөрч энэ  агуу хамт олны мэдлэг чадвараар бахархахгүй байхын аргагүй ээ.

-Таны явсан газруудад монгол бичгээ хэрхэн сургаж, хэрэглэж байх юм. Санаа авч, хэрэгжүүлмээр зүйл олон байсан уу?

-Явсан газар бүр л монгол бичиг ханз хоёрыг  хослуулан төрийн бодлого болгон хэрэглэж байгаа нь их сайхан санагдсан. Үндэсний бичгээ амьдрал ахуй орчин нөхцөлдөө хэрхэн хэрэглэж болох тухай олон сайхан сэдэл санаа олж мэдэж ирсээн. Удахгүй хэрэгжүүлж эхэлнэ дээ.

-Явсан газар орны тань хөгжил дэвшлийн тухай сонирхож байна л даа?

Хотуудын нэг чухал зүйл болзам харилцаа. ”Зам дагаж хөгжил ирдэг” болохоор энэ их бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт бол замын асуудлыг цогцоор нь шийдэж өгсөнтэй холбоотой болов уу.

Их хотын өндөр барилгуудыг нэг дор олноор “шавааралдуулах” биш. Орчны талбай чөлөөтэй зүлэгжүүлэлт “эко” орчин гэдгийг бүрэн утгаар нь харжтөлөвлөдөг юм байна. Хөгжилтэй орны хүмүүсийн харилцаа ч найрсаг юм. Хүний эрхийг маш их дээдэлдэг инээмсэглэл, элэгсэг дотно харилцаа, цэвэр цэмцгэр орчин хүн бүр дор бүрнээ хариуцлагатай, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг нь ажиглагдсан.

“Цаг бол алт” гэдэг үг энд жинхэнэ үйлчилдэг бололтой. Бүх зүйл цагаар хэмжигддэг юм байна лээ. “Алтны дэргэдэх гууль шарлана” гэгчээр энэ сайханаялалд оролцсон миний бие нэг л зүйлийг өөртөө дадал болгож авсан нь цаг ашиглалт байлаа.

-Сэлэнгэ аймаг монгол хэл бичгээ дээдлэх, сургах, хэрэглэх талаар ямар түвшинд хэрхэн ажиллаж байна вэ? Таны бодлоор...

-Аймагтаа жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол хэл бичгийн олимпиад байна. Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд бид сургуулийн захиргаа  сумын ЗДТГ-тай хамтран албан байгууллага, аж ахуйн нэгжийн хаягийг монгол бичгээр болгох ажлыг сайн зохион байгуулан өөрчилч чадсан. Манай монгол хэл, бичгийн багш нарын санаачлагаар сурагч, эцэг, эх, иргэдрүү чиглэсэн олон ажлуудыг хийж байна. Мөн үзэсгэлэн зохион байгуулж, эх хэл, бичиг соёлоо дээдлэн, түүгээр бахархах, омогших үзлийг бий болгон сайн ажиллаж байгаа гэж бодож байна.

-Түрүүлсэн оролцогчид гадаадад аялах эрхээр шагнуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны тухайд, бас уралдааны зохион байгуулагч “Хүмүүн бичиг” сониныхоо тухайд таны бодол?

-Сайхан бичигтэн улсын уралдаан нь удирдамжийнхаа дагуу шударга  явагддаг болох нь харагдаж байна. Сонины тухайд хэлэхэд дэндүү бага үнээр 7 хоног бүр  тогтмол гардаг нь улс эх орныхоо үндэсний түүхэн өв соёлоо түгээн дэлгэрүүлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм байна гэж бодож байна.

-Өнөө жилийн уралдаанд хэрхэн оролцох вэ?

-Оролцох бодолтой байгаа. Одооноос эхлэн бэлдэж байгаа.

-“Монгол хэлний тухай” шинэ хуульд зааснаар, монгол бичгийг ЕБС-ийн 6-р ангиас эхлэн сургууль төгстөл нь заана гэж тогтоосон. Энэ ажил танай аймаг, сургуульд хэрэгжиж байгаа болов уу?

-Хэрэгжиж байгаа. Өнгөрсөн жил суурь боловсролын цөм хөтөлбөрөөр 6-р ангийн сурагчдад үндэсний бичиг ороод эхэлсэн сурагчид боломжийн сурч, судалж байгаа.

-Яг одоогоор монгол бичгээ хэддүгээр ангид, хэдэн цагаар орж байна вэ?

-6-9-р ангид 7 хоногт 2 цаг ,10-12-р ангид агуулгаар орж байгаа.

-Цаг дав гарган сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

相关新闻