ДУНДГОВЬ: 2025 оны төсвийн төсөлтэй холбоотой асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-11-17 16:54:58
altantogos

Мандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас “Асуудал - Шийдэл” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


Тус хэлэлцүүлэг Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, 2025 оны төсвийн төсөлд санал авах зорилготой юм.


Хэлэлцүүлэгт 200 гаруй иргэн оролцож, цахимаар 21100 иргэн үзэж, мэдээлэл авсан байна. Хэлэлцүүлгийн үеэр аймгийн ЗДТГ-аас Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, 2025 оны төсвийн төслийг танилцуулсан юм.


Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд 1) Бүсчилсэн хөгжил-Дундговийн сэргэлтийн бодлого, 2) Хүний хөгжлийн сэргэлтийн бодлого, 3) Эдийн засгийн сэргэлтийн бодлого, 4) Хүний эрхийг дээдэлсэн засаглалын сэргэлтийн бодлого, 5) Байгаль орчны сэргэлтийн бодлого гэсэн 5 үндсэн бодлогын хүрээнд 130 төсөл, үйл ажиллагааг төлөвлөжээ.


Хэлэлцүүлгийн үеэр иргэд аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлттэй холбоотой болон нэн даруй шийдвэрлэвэл зохион олон асуудлыг хөндөн санал бодлоо илэрхийлсэн. Тодруулбал, орон нутагтаа дунд, ахлах сурагчдын үдийн цайг шийдвэрлэх, иргэний боловсролд анхаарах, сургуулийн суралцагчдын хүмүүжил, хандлагыг сайжруулж, буруу зуршлыг бууруулах, зөв хүн болгон төлөвшүүлэх, 1-2 настай хүүхдийг цэцэрлэгт авдаг болох, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, худалдаа, үйлчилгээний чанарыг сайжруулах, газар нутгийн маргаан зэрэг асуудлыг хөндсөн юм.   


Бичгээр 27, цахимаар 79, танхимд 13 иргэн үйл ажиллагааны хөтөлбөр болон 2025 оны төсвийн төсөлтэй холбоотой асуудлаар асуулт асууж, санал бодлоо илэрхийлжээ.


Ирсэн саналуудыг нэгтгэн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж батлуулах юм. 

相关新闻