ДУНДГОВЬ: “Мини старт ап”-уудыг шалгаруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ![](/files/673af9a8c83e5.jpeg)
Мандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХҮГ, "Гэрэлтдэг ертөнц" ТББ хамтран Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдад асуудлыг харж, гарааны бизнес эрхлэх ур чадвар олгох сургалт зохион байгуулж байна. Сургалтад Сайнцагаан сумын 4 сургууль, Политехник коллежийн 8 багийн 40 сурагч оролцож байна.
2024 оныг тус аймаг Хүүхэд,
гэр бүлийн хөгжил, хамгааллыг дэмжих жил болгож, энэхүү зорилтын хүрээнд
хүүхдийн хөгжлийг дэмжих олон ажлыг төлөвлөсний дотор “Мини старт ап”-уудыг
шалгаруулж, 5 багт гарааны бизнесээ эхлүүлэхэд дэмжлэг болгож тус бүр 2,0 сая
төгрөг олгохоор тусгажээ.
Тодруулбал, сургуулийнхаа
орчинд байгаа асуудлыг тодруулж, энэхүү асуудлыг шийдвэрлэх шинэ санаа гаргаж,
түүнийгээ хэрэгжүүлэх арга замаа тодорхойлон төслөө боловсруулсан 5 багт
гарааны бизнесээ эхлүүлэхэд нь дээрх дэмжлэгийг үзүүлэх юм.
Багийн гишүүдэд гарааны бизнес, асуудлаа тодорхойлох, бизнесийн загвараа гаргах, төсөл боловсруулах бүхий л мэдлэг, ур чадварыг олгож, төслөө сайжруулахад нь зөвлөх бүх үйлчилгээг "Гэрэлтдэг ертөнц" ТББ гүйцэтгэнэ.