Б.Өсөхжаргал: Бургасан хана хийхэд хэцүү байдаг ч би шантардаггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-11-19 09:39:44
altantogos

Мандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол гэрийн мод үйлдвэрлэгч Дундговь аймагт цөөн, тэр дундаа эмэгтэй мужаан ховор. Тус аймгийн Луус сумын иргэн, бургасан хана үйлдвэрлэгч Баатарын Өсөхжаргалтай ярилцлаа.


-Бургасан хана үйлдвэрлэдэг хүмүүс, тэр дундаа эмэгтэй мужаан тун ховор. Бургасан хана хийх энэ өв соёлыг өвлөн авч, үйлдвэрлэл явуулж байгаа танаар маш их бахархаж байна. Энэ өв соёлыг хэнээс өвлөн авч, хэзээнээс үйлдвэрлэлээ явуулж байна вэ? 

-Өвөө маань Монгол Улсын аварга малчин Зэвэгийн Банзарсэд гэдэг хүн байсан. Миний өвөө гэрийн хана хийдэг байсан ч тухайн үед 10 настай жаахан байсан болоод сурч чадаагүй үлдсэн юм.


Тэгээд дараа нь сумынхаа өндөр настан, мужаан Маниагийн Цэдэвсүрэн гэж хүнээр заалгаж, өвөөгийнхөө үйл хэргийг өвлөн уламжлан авсан даа. 2013 оноос суралцаж эхлээд 2015 оноос бие даан хийдэг болсон.



-Малчид банзан хананаас бургасан ханыг илүү сонирхож, худалдаж авдаг. Онцлог нь юунд байна вэ? 

-Бургасан хана банзан ханыг бодвол бат бөх, зөөж тээвэрлэхэд хөнгөн, хэлбэр сайтай,  гоё  үзэмжтэй байдаг.

Малчид бол жилийн дөрвөн улиралд нүүж, бууж байдаг болохоороо олон дахин буулгаж, барих, тээвэрлэхэд бургасан хана хамгийн тохиромжтой.


-Бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг хаанаас авч хэрхэн бэлтгэдэг вэ?

-Би Сэлэнгэ аймгаас бургасаа захиалж авдаг. Өвөл бургасаа аваад хавар 4-5 дугаар сар хүртэл хатааж бэлтгээд цагаалах, хальслах, матах, шулж харуулдах, өнгөлөх, цоолох, зосдох, үдэх гэх мэт дамжлагаар нэг ханыг 4-5 хоногт гаргадаг.


Манай хана тэр дундаа бусад хананаас өндөр эрстэй буюу илүү шийртэй, давтагдахааргүй гоё хэлбэртэй, нүүлт сайтай бас цагаанаар биш зосоор өнгөлж, тэмээний ширээр үдэж гаргадгаараа онцлоготой.


Аль болох л өнгө үзэмж сайтай, бат бөх өндөр эрстэй хийхийг хичээдэг дээ.


Ер нь өнөөгийн зах зээлд гарч байгаа хана банзан ч бай, бургасан ч бай 9 үдээртэй байдаг бол манайх 10 үдээртэйг хийдэг. Миний бодлоор монголд өөр хаана ч 10 үдээртэй хана хийдэггүй.


Орчин үед гэрийн тавилга, хөргөгч, шкаф гээд өндөр болсон болохоор би ч бас ханаа өндөр эрстэй хийдэг болсон. Хүмүүс маш их дуртай байдаг


-Таны хийдэг бургасан хана Луус сумын брэнд юм байна? 

-Тийм ээ, Луус сумын брэнд хана гэдгээрээ олонд танигдсан. Манай ханыг аймгийн бүх сумаас болон хөрш зэргэлдээх Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр гэх аймгаас захиалж хийлгэдэг.  


Захиалга их ирнэ ээ. Аль болох л өнгө үзэмж сайтай, бат бөх өндөр эрстэй хийхийг хичээдэг. Хэрэглэгчдийнхээ итгэлийг алдахгүй, бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг хадгалж байх нь л миний зорилго юм шүү дээ.


-Өв соёлоо өвлөн, түүнийг хадгалж авч явна гэдэг үнэхээр сайхан. Эмэгтэй хүнийхээ хувьд шантрах үе байдаг уу?

-Монгол хүн болж төрсний хувьд бидэнд маш их үнэ цэнтэй түүх, өв соёл байна. Түүгээрээ зайлшгүй бахархаж явдаг. Гэхдээ сүүлийн үед хөдөөний зарим малчин явуулын сууц их хэрэглэдэг болж байна. Тэр нь гэр буулгаж, ачиж, барина гэхгүй амар л байх. Үүний цаана ямар сайн сайхан зүйлээ үнэлэхгүй, өвөг дээдсээсээ өвлөгдөж ирсэн тэр агуу соёлоо үгүй хийж байгаагаа ухаардаггүй.


Намайг ингээд ярихаар бүтээгдэхүүнээ борлуулах гэж ингэж байна гэж бодох хүн байх л байх. Мэдээж захиалга буурна л даа. Малчид л өнөөдөр өв соёлоо авч явж байна, гэтэл тэд маань хүртэл гэрт амьдрахаа байчихвал яах юм бэ? 

Миний хувьд бургасан хана хийхэд хэчнээн хэцүү байлаа ч шантардаггүй ээ.


-Маш их тэвчээр шаардсан ажил байх гэж бодож сууна?

-Тийм ээ, эмэгтэй хүн битгий хэл эрэгтэй хүмүүс ч халшраад энэ үйлийг хийдэггүй нь үнэн. Ер нь тэгээд тэсвэр тэвчээр хатуужил, урт удаан хугацааны уйгагүй хөдөлмөр шаарддаг болохоор тэр болгон хүмүүс хийгээд байдаггүй.


Хана хийдэг хүмүүс их цөөхөн байдаг. Хэдийгээр мөнгө их түгжигдэж, хөдөлмөр их ордог ч гэсэн би өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлж, нүүдлийн соёл иргэншилтэй ахуй соёлоо түгээн дэлгэрүүлэх, өв уамжлалаа залгамжлан авч явах иргэн хүний ухамсар гаргаж хийсээр байна.


Анх 2013 онд гэр бүлийнхээ хүнд зааж, хамт хийе гээд бургас авсан боловч тэр хүн халшраад орхиод явсан. Тэгээд өөрөө хана хийж сурахаар сэтгэл шулуудаж байлаа.


Одоо бол гэр бүлээрээ үйлдвэрлэлээ явуулж байна. Боломжтой бол хамтдаа, боломжгүй бол ганцаараа л хийдэг.


Би эмээ дээрээ өссөн, эмээгийн хүүхэд. Бага наснаасаа эмээтэйгээ хамт байж байгаад 2020 онд ганцаараа үлдэж, аав, ээжтэйгээ хамт амьдарсан. 2005 онд 10 дугаар ангиа төгсөөд ар гэрийн шалтгаанаар цааш суралцаж чадаагүй юм. Гэхдээ би түүндээ одоо харамсдаггүй. Аз жаргалтай, сайхан, сэтгэл дүүрэн амьдрахад заавал дээд боловсрол эзэмших албагүй л гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа. 





相关新闻