Орхон аймагт заан цолтнуудад хүндэтгэл илэрхийлэх барилдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчийн нэрэмжит Монгол Улсын заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх улс, аймаг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан маргааш Эрдэнэт хотын “Хангарьд” спорт цогцолборт болно.
1921 оноос хойш өнөөдрийг хүртэл улсын заан цолтой 153 төрөн гарсны 32 нь өдгөө амьд сэрүүн аж төрж байна. 2000 оноос өмнө Ардын хувьсгалын тэгш ойн наадмуудад зургаа давсан болон Монголын Бүх ард түмний спартакиад, Үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн зэрэгт амжилттай барилдсан бөхчүүдэд заан цол олгосон тохиолдол цөөнгүй бий.
Анхны заан цолыг 1921 оны наадмаар Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат Сэвхүүлийн Баадуу хэмээх бөх авч байсан гэдэг. Тэгвэл отгон нь Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат улсын заан С.Сүхбат юм. 1921 оноос хойш өнөөдрийг хүртэл хамгийн олон заан цолтон төрсөн аймаг нь Булган аж. Тус аймгаас улсын заан Н.Түвшинбаяр, Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Д.Лхагвасүрэн, Б.Бадам, Д.Амгаа тэргүүтэй 32 заан цолтон төржээ.
Ташрамд сонирхуулахад, энэхүү барилдаанд түрүүлсэн бөх тав, үзүүрлэсэн нь гурван сая төгрөгийн бай шагнал гардах юм.