Уурын зуух нь дэлбэрэх аюул нүүрлээд буй СБД-ийн 71 дүгээр сургуулийнхан тусламж хүсч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛСБД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 71 дүгээр сургуулийн уурын зуух ашиглах боломжгүй болсноос 1360 сурагч, 100 гаруй багш үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсчээ.
Тус сургуулийг анх 2007 оны 3 дугаар сард Японы буцалтгүй тусламжаар барьж ашиглалтад оруулсан. Сургуулийн уурын зуух ашиглалтад орсноос хойш тасралтгүй 9 жил ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд урсгал засвар тогтмол хийж ирсэн ч ашиглалтын явцад 1, 2, 4 дүгээр цамц усны шүүрэлттэй, гадна ханын лист төмөр бүхэлдээ сунаж, даралт даахгүйн улмаас НМХГ, ОБГ-аас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ.
Энэ талаар тус сургуулийн захирал Б.Бадамсүрэнгээс тодруулав. Тэрбээр “Манай сургууль төвийн халаалтад холбогдоогүй учир уурын зуухаар халдаг. Уурын зууханд стандартын дагуу 5 жил тутам их засвар хийх ёстой боловч манайд хийгдээгүй. Харин өөрсдөө задаргаа хийж, гагнуур засвар хийж үзсэн. Энэ жилээс уурын зуух элэгдэлд орж, гадна талдаа ус гоожин, уур савсаж, ачааллаа даахаа болиод байна. Одоо 20-30 хэмийн дулаантай ажиллаж байна. Өвлийн улиралд 60-70 хэмийн дулаантай ажиллах ёстой. Гэтэл даралт их өгвөл задарч, дэлбэрэх аюул нүүрлээд байна. Энэ талаар БСШУСЯ, Нийслэлийн Засаг дарга, НБГ, дүүргийн удирдлагуудад албан бичиг хүргүүлсэн. Одоо яаралтай хөрөнгө оруулалтыг шийдэхгүй бол дулаанаар хангах боломжгүй боллоо. Энэ чигээрээ удвал манай сургууль хаагдахад хүрээд байна” хэмээв.
Тус сургуулийн уурын зуух нийт 3000 м.кв талбай халаах хүчин чадалтай бөгөөд ирэх жил Биеийн тамирын заал барих тул хүчин чадлыг нь ихэсгэх зайлшгүй шаардлагатай. Хэрэв энэ жил уурын зуухаа шинэчилж чадахгүй бол 12 сая төгрөгийн засвар хийх, шинэчилвэл 51 сая төгрөгийн төсөв шаардлагатай байгаа аж.
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ