Архангайд Харвони эм уух шаардлагатай 2500 гаруй иргэн бий гэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймаг элэгний С вирусын өвчлөлөөрөө улсад дээгүүр бичигддэг. Сүүлийн үеийн судалгаагаар Харвони эм уух шаардлагатай 2500 гаруй иргэн Архангай аймагт байгаа ажээ.
Аймгийн хэмжээнд ажлын хэсэг байгуулан судалгаа хийсэн бөгөөд элэгний өвчлөлийг бууруулах, С вирусыг эмчлэх эмийн хэрэглээний талаар судалгаа гарган ажиллаж, санал дүгнэлтээ Засгийн газар, холбогдох яамдад хүргүүлжээ.
Харвони эмийг Архангай аймгийн 20 гаруй иргэн ууж хэрэглэсэн нь 95-98 хувийн үр дүн өгсөн аж. Тус аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг эмийн компанийн удирдлагуудтай уулзаж үнийг буулган, орон нутагт жишиг хэлбэрээр эмчилгээ явуулах боломжтой талаар санал солилцсон байна.
Түүнчлэн Аймгийн ЭМГ, нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд болон аймгийн удирдлагууд хамтран төсөл боловсруулж, тусламжийн шугамаар дээрх эмийг иргэдэд үнэ төлбөргүй олгож эхлэхэд эмчилгээний үр дүнг тодорхойлох завсарын оношлогооны тоног төхөөрөмж, оношлогооны зардлыг тусгах шаардлага үүсч байгаа юм. Энэ зардлын асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нийгмийн даатгалын сангаас шийдвэрлэж болохыг тус аймагт ажиллах үеэрээ мэдэгдсэн байна.
Л.Булган