Улсын начин Л.Энхсаруул улс, аймгийн цолтнуудын барилдаанд анх удаа түрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын арслан М.Мөнгөний нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан бөхийн өргөөнд болж, Увс аймгийн Ховд сумын харьяат улсын начин Л.Энхсаруул түрүүллээ.
Тэрбээр энэ жил улсын цолонд хүрсэн бөгөөд улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд анх удаа түрүүлсэн нь энэ. Түүний хувьд өнгөрсөн онд аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд хоёр удаа түрүүлж байсан билээ. Тэгвэл Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан үзүүрлэв. Бөхийн өргөөнд намрын нээлтээс хойш долоон барилдаан болоход зургаад нь зодоглохдоо нэг үзүүрлэж, хоёр удаа их шөвөгт, хоёр удаа дунд шөвөгт шалгараад байна.
Харин их шөвөгт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, “Хантайшир” дэвжээний бөх, улсын начин Ш.Шинэбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарлаа. Тэд бөхийн өргөөнд анх удаа шөвгийн дөрөвт үлдэж байгаа юм. Тэгвэл наймд улсын начин Э.Ванданцэрэн, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Б.Ганбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв.
Тус барилдааны нэгийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагва, хоёрын
даваанд улсын аварга О.Хангай, заан М.Лхагвагэрэл, дөрвийн даваанд аварга
П.Бүрэнтөгс нар өвдөг шороодсон нь бөх сонирхогчдын тааврыг будилууллаа. Энэ үеэр “Увснуур” дэвжээний зүгээс М.Мөнгөн арслангийн нэрэмжит
“Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг цэргийн арслан Д.Цэрэннямд гардуулав.