Ү.Хүрэлбаатар: Монголын оюуны тусгаар тогтнолын том баталгаа бол монгол хэл маань юм
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Судар бичгийн хүрээлэнгийн анхны эрхэлсэн дарга Онходын Жамьянгийн мэндэлсний 160 жилийн ойд зориулан “Хэл зохиол судлал-2024” эрдэм шинжилгээний хурлыг Чингис хаан Үндэсний музейд өнөөдөр зохион байгууллаа.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс зохион байгуулсан тус хурлаар эрдэмтэн судлаачид Онходын Жамьян гүнгийн Монгол Улсад Европ ёсны шинжлэх ухааныг хөгжүүлж, гэгээрэл боловсролыг өргөтгөхөд оруулсан хувь нэмрийг хэлэлцэв.
Хурлын нээлтэд УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Онходын Жамьянгийн эхлүүлсэн үйл хэрэг бүхэн өрнөн дэлгэрч, батжин бэхэжсэн гэдгийг та бүхэн андахгүй биз ээ. Тухайлбал, Их эрдэмтэн Онходын Жамьян гүнтэн Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнг анх байгуулах цагаас эхлэн арваад жил тасралтгүй даргын албанаа зүтгэж явсан гавьяаг Монголын Улсын Шинжлэх Ухааны Академи үнэлэх учиртай” хэмээн тэмдэглэв.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор О.Шинэбаяр хэлэхдээ, “ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс залуу эрдэмтэн, дунд үе, ахмад судлаачдын оролцсон энэхүү эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулдаг. Энэ удаа Онгодын Жамьян гуайн мэндэлсний 160 жилийн ойд зориулж буйгаараа онцлогтой. Манай ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн 1921 онд Судар бичгийн хүрээлэн гэдэг нэрээр байгуулагдан, 1961 онд орчин цагийн ШУА-ийн бүтцийг өөрчлөхөд Хэл зохиолын хүрээлэн гэдэг нэртэй болсон. 1961 оноос хойш нэрээ өөрчлөөгүй хүрээлэнгүүдийн нэг. Орчин цагийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, түүний үндсийг тавих, Монгол Улсын иргэдийг боловсрол, гэгээрлийн салбарт хөтлөх, соён гэгээрүүлэхэд анхны бичгийн мэргэд Онходын Жамьян, Ч.Бат-Очир, С.Шагж, Ж.Цэвээн нарын эрдэм номтой мэргэд маш их хувь нэмэр оруулсан. Тийм учраас энэхүү хурлаас Жамьян судлалыг хөгжүүлэх талаар шинэ санаа, судалгаа гарна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Хурлын үеэр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цолыг МУСГЗ, Хэлбичгийн ухааны доктор Ү.Хүрэлбаатарт гардуулсан юм. Тэрбээр хэлэхдээ, “Түүх түүхээрээ үлдэх ёстой. Орчин үеийн шинжлэх ухааны салбар, тэр тусмаа нийгмийн ухаан дотроо хэл утга зохиолын хөгжлийг үнэлж дүгнэх, цаашдын зорилгыг тодорхойлохын тулд өмнөх түүхээ сайн харж байх хэрэгтэй. Ялангуяа, О.Жамьян гуайг онцолж байгаа нь Монголд шинжлэх ухааны байгууллага байгуулагдсан үеийн гол төлөөлөгч юм. Тиймээс шинжлэх ухааны салбараа үнэлэх, шинжлэх ухаанч байдлаар улс орноо хөгжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, сэтгэлгээг тэлэхэд чиглэсэн чухал хурал болж байна.
Монгол хэл судлал хөгжиж байгаа. Гэхдээ эрэмбэ зарчмаа барьж байх ёстой. Монгол Улсын тусгаар тогтнол болсон монгол хэлээ нэгдүгээрт тавьж, төрөлх хэлний сургалт, хүмүүжил, боловсролоо дэвсгэрлээд дараагийн соёл боловсролын эх урсгалыг бий болгох эрэмбийг алдаж болохгүй. Монгол сэтгэлгээ суугаагүй бага балчраас нь харийн соёл руу хэт шуурах нь монгол төрхөө алдах байдал үүсгэдэг. XIII зууны үед монгол хэл өнөөдрийн англи хэл шиг бүх нийтээрээ сурах ёстой хэл байсан. Монголын оюуны тусгаар тогтнолын том баталгаа бол төрөлх монгол хэл юм” хэмээв.
Энэ үеэр Архивын Ерөнхий газраас “Жамьян судлалд холбогдох
баримтын дээжис” архивын баримтын үзэсгэлэн
гаргасан байлаа.
О.Жамьян гүн Сангийн яамны сайд, Ардыг Гэгээрүүлэх яамны сайд, Шинжлэх Ухааны Академийн эх үүсвэр болсон Судар бичгийн хүрээлэнгийн дарга зэрэг төр, нийгмийн өндөр алба хашиж явсан. Ингэхдээ Монгол Улсад номын сан, музей, архивын хэргийг үүсгэн байгуулж, ард олныг бичиг үсэгт тайлах үйл хэргийг манлайлж, европ ёсны шинжлэх ухааныг хөгжүүлж, гэгээрэл, боловсролыг өргөтгөхөд онцгой хувь нэмэр оруулжээ.