ДУНДГОВЬ: Цахим үйлчилгээг 24 цагийн турш нэг цэгээс авах боломж бүрдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ![](/files/6762878e8400e.png)
Мандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-ын дэргэд 24 цаг үйлчлэх “Цахим
үйлчилгээний төв”-ийг нээлээ.
Тус төвд төрийн цахим үйлчилгээний нэгдсэн ХУРДАН киоск,
Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын
киоск машин, Хаан банкны АТМ болон төлбөр тооцооны киоск машиныг байрлуулжээ.
Цахим үйлчилгээний нэгдсэн ХУРДАН системээс иргэн,
хуулийн этгээдийн 73 төрлийн 215, хувийн хэвшлийн 353 үйлчилгээг, Улсын
бүртгэлийн хэлтсийн киоск машинаас 9 төрлийн 72 үйлчилгээ болон тоон гарын үсэг
авах, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын киоск машинаас 70 гаруй
үйлчилгээг, Хаан банкны АТМ болон Төлбөр тооцооны киоск машинаас 10 гаруй
үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа ба Төрийн сангийн төлбөр тооцоог хийж
болно.
Түүнчлэн төрийн цахим үйлчилгээний нэгдсэн ХУРДАН киоск машиныг Цагдаагийн газарт, тусгай хэрэгцээтэй иргэнд зориулсан киоск машиныг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд шинээр байрлуулжээ.