Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын сайд нарын уулзалт цахимаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-12-18 17:20:55

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын 7 дахь удаагийн сайд нарын зөвлөлийн уулзалт энэ сарын 17-нд цахимаар болов.


Уулзалтад АХАИББХ-ын гишүүн улс орнуудын өндөр түвшний төлөөлөгчид оролцож, энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны талаар хэлэлцэж, байр сууриа танилцуулав. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг сайд нарын зөвлөлийн уулзалтад оролцож, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх хүрээнд манай улсын дэвшүүлсэн санал санаачилгын талаар танилцуулж, АХАИББХ-ын хүрээнд гишүүн улсуудтай үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.


Уулзалтаар АХАИББХ-ын гишүүн улс хоорондын харилцааны үндсэн зарчмуудын тухай тунхаглалын 25 жилийн ойд зориулсан мэдэгдэл зэрэг 4 баримт бичгийг батлав. Азербайжан Улс АХАИББХ-ыг ирэх хоёр жилд даргалах бөгөөд энэ хугацаанд тогтвортой өсөлт, цахимжилт, түншлэл, хамтын ажиллагаа, АХАИББХ-ыг бэхжүүлэх, олон улсын болон бүс нутгийн бусад байгууллагатай уялдаа холбоотой ажиллах зэрэг асуудлыг чухалчлан анхаарахыг тус улсын Гадаад хэргийн сайд уулзалтын үеэр танилцуулав гэж ГХЯ-наас мэдээллээ.

相关新闻