К.Нолан “Одиссей” туулиар кино бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2024-12-24 15:20:30

НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /TASS/. Найруулагч Кристофер Нолан эртний Грекийн суут найрагч Хомерын бичсэн “Одессей” туулийг дэлгэцийн бүтээл болгохоор ажиллаж байгаа тухай “Universal Pictures” компани мэдээлжээ. 


Найруулагчийн дараагийн төсөл бол “IMAX-ийн цоо шинэ технологийг ашиглан бүтээж буй эртний баатарлаг тууль юм” гэж “Universal Pictures” компани олон нийтийн Х сүлжээнд мэдээлсэн байна.  Уг кино 2026 оны долоодугаар сарын 17-ны өдөр дэлхийн кино театруудад гарч эхлэх ажээ. "Variety" сэтгүүлд мэдээлснээр, киноны дүрд жүжигчин Мэтт Дэймон, Том Холланд, Энн Хэтэуэй, Зендая, Роберт Паттинсон, Шарлиз Терон нар тоглоно. 


К.Нолан 2026 онд Мэтт Дэймонтой хамтран шинэ кино хийхээр төлөвлөж байна гэж өмнө нь "Deadline" цахим хуудсанд эх сурвалжийг эш татан мэдээлээд ямар зохиолоос сэдэвлэн кино бүтээж буйг нууцалж байсан юм. Уг киноны зургийг 2025 оны эхээр авч эхлэхээр төлөвлөжээ.


“Universal Pictures” компани К.Нолантай хамтран атомын бөмбөгийг зохион бүтээгчийн түүхээс сэдэвлэсэн "Oppenheimer" (2023) намтарчилсан киног бүтээсэн билээ. Энэхүү кино нь энэ намар болсон Америкийн кино урлагийн академийн "Оскар" кино наадмаас "Шилдэг кино", "Шилдэг найруулагч" зэрэг долоон шагналыг хүртсэн юм. Нэрт найруулагч К.Нолан мөн "Inception" (2010), "Interstellar" (2014), "Dunkirk" (2017) зэрэг кинонуудыг бүтээснээс гадна Бэтмэний тухай комик номыг "The Dark Knight" (2005 -2012) бүрэн хэмжээний гурамсан дэлгэцийн бүтээл болгосон юм.



相关新闻